Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх Оросын талын үл хөдлөх хөрөнгийн эрхийг шинэчлэн бүртгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хаалттай хэлэлцэж, олонхийн саналаар дэмжлээ. Уг асуудал цаашид УИХ-аар соёрхон батлагдах эсэх нь анхаарал татсан сэдэв болоод байна.
Энэ бол энгийн нэг өмчийн бүртгэлийн асуудал биш. Харин Зөвлөлтийн үеэс уламжилж ирсэн, олон жил маргаантай явсан “Оросын газар” гэх ойлголтыг эрх зүйн хувьд эцэслэн тодорхой болгох оролдлого юм. 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задран унаснаар олон улс оронд байрлаж байсан Зөвлөлтийн өмч хөрөнгийн асуудал тодорхойгүй үлдсэн. Монгол Улсын хувьд ч ялгаагүй. Тухайн үед ЗСБНХУ-ын нэр дээр бүртгэлтэй байсан барилга байгууламж, эдэлбэр газруудын эрх зүйн статус тодорхойгүй, зарим тохиолдолд маргаантай хэвээр ирсэн. Энэ удаагийн хэлэлцээрийн төсөл нь эдгээр хөрөнгийг Оросын Холбооны Улсын нэр дээр албан ёсоор шилжүүлэн бүртгэхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, өмчийн залгамжлалыг Монгол Улс хүлээн зөвшөөрч баталгаажуулах агуулгатай.

Тодруулбал, Улаанбаатар, Чойбалсан, Эрдэнэт хотуудад байрлах найман нэгж талбар бүхий 9.57 га газар, 93 үл хөдлөх хөрөнгийн объект хамрагдаж байна.
- Сүхбаатар дүүрэгт байрлах “Аэрофлот”-ын барилга, эдэлбэр газрыг ашиглах эрх
- Дорнод аймгийн Хэрлэн сумын төвд байрлах захиргаа, аж ахуйн барилгын цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх
- Орхон аймгийн төвд байрлах албан контор, орон сууц, аж ахуйн барилгын цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх
- Баянгол дүүрэгт байрлах орон сууцны 56 байр (нийтийн орон сууцны доторх)
- Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төлөөлөгчийн газрын барилга байгууламжийн цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх
- Баянзүрх дүүрэгт байрлах сүмийн барилга, спорт заал, гараашийн цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх
- Плехановын нэрэмжит сургуулийн барилгын цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх
Хэлэлцээрийн хамгийн анхаарал татах заалт бол газар ашиглалтын нөхцөлд орж буй өөрчлөлт юм. Өмнө нь Зөвлөлтийн талд олгосон эдэлбэр газруудыг үнэгүй, хугацаагүй ашиглаж байсан бол шинэ төсөлд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу 99 жилийн хугацаатай ашиглуулах, холбогдох татварыг төлөхөөр тусгасан байна. Өнгөц харахад энэ нь Монгол Улсад ашигтай өөрчлөлт мэт.
Гэвч 99 жилийн хугацаа нь практикт урт хугацааны баталгаатай эзэмшилтэй дүйцэх бөгөөд нэгэнт баталгаажсан нөхцөлд ирээдүйд өөрчлөх боломж хязгаарлагдана. Иймээс энэ нь зөвхөн зохицуулалт бус, харин өмчийн статусыг илүү бат бөх болгох алхам юм.
Энэ хэлэлцээрийг ойлгохын тулд олон нийтийн хамгийн сайн мэдэх зарим жишээг авч үзье.
Нэгдүгээрт, “Аэрофлот”-ын барилга.
Нийслэлийн төвд буюу Хүүхдийн 100-д байрлах энэ барилга нь Монголд барьж өгсөн нийтийн зориулалттай объект байгаагүй. Харин Зөвлөлтийн иргэний нисэхийн компанийн гадаад дахь салбарын байр юм. Өөрөөр хэлбэл, тасалбар, нислэгийн зохион байгуулалт, ажилтнуудын хэрэгцээнд зориулагдсан. ЗХУ-ын өөрийн үйл ажиллагааны дэд бүтэц байсан.

Хоёрдугаарт, Плехановын нэрэмжит сургууль.
Энэ сургуулийг мөн адил “тусламж” гэхээс илүүтэй Зөвлөлтийн боловсролын системийг Монголд нутагшуулах, өөрийн стандартын дагуу боловсон хүчин бэлтгэх зорилготой байгуулсан. Энэ нь зөвхөн сургалтын байгууллага биш. ЗХУ-ын зөөлөн хүчний бодлогын нэг хэрэгсэл байв.

Гуравдугаарт, Баянзүрх дүүрэгт байрлах сүм, орон сууц, спорт заал бүхий цогцолбор.
Өдгөө Кино үйлдвэрийн ард байрлах тус сүмийг хэн бүхэн мэдэх бөгөөд манай улсын иргэдэд зориулсан байгууламж биш. Харин тухайн үед Монголд ажиллаж, амьдарч байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хаалттай хотхон, дотоод хэрэгцээг хангах зориулалттай баригдсан объект юм.

Эдгээр жишээнээс харахад нэг нийтлэг шинж ажиглагдана. Тэдгээр нь Монголд “бэлэглэсэн” хөрөнгө биш. Харин Зөвлөлтийн өөрийн оролцоо, нөлөөг хангах дэд бүтэц байжээ. Өнөөдөр яригдаж буй хэлэлцээр нь энэ бодит байдлыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, хуульчлах үйл явц болж байна. “ОХУ-ын газар” гэх ойлголт олон жилийн турш нийгэм, улс төрийн хүрээнд маргаан дагуулж ирсэн. Энэ удаагийн хэлэлцээр батлагдсанаар тус улсын өмчийн бүртгэл тодорхой болно гэсэн үг.
Энэ асуудал нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн хүрээнд хязгаарлагдахгүй. Энэ бол Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын харилцааны нэг илэрхийлэл юм. Монгол Улс гадаад бодлогодоо тэнцвэрийг хадгалах зорилготой энэ үед ОХУ-ын өмчийг 99 жилийн хугацаатай баталгаажуулах нь хоёр талын харилцааг бэхжүүлэх алхам уу, эсвэл урт хугацаанд бодлогын хувьд хязгаарлалт үүсгэх шийдвэр үү гэдэг нь нээлттэй асуулт хэвээр байна. Гэхдээ олон улсын гэрээний шинжтэй энэхүү хэлэлцээрийг эцэслэн батлах эрх нь Улсын Их Хуралд бий. Иймд парламентын хэлэлцүүлгийн үеэр үндэсний эрх ашиг, газрын бодлого, ирээдүйн эрсдэлийг бодитоор хэлэлцэх шаардлагатай. Хэрэв хангалттай ил тод хэлэлцэхгүйгээр баталбал олон нийтийн үл ойлголцол нэмэгдэх эрсдэлтэй. Эцэст нь, зөвлөлтийн үеийн үлдэгдэл болсон эдгээр өмч хөрөнгийг цэгцлэх энэ алхам нь нэг талаар эрх зүйн тодорхой байдлыг бий болгож байгаа ч нөгөө талаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх гадаад улсын урт хугацааны оролцоог баталгаажуулж буй шийдвэр юм.
Сануулахад, Улсын Их Хурлын байнгын хороод “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэн дэмжсэн. Үүний дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй уулзаж, нэмэлт протоколд гарын үсэг зурсан. Хэрэв УИХ соёрхон баталбал Монгол Улс ирэх 15 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлшээ ОХУ-аас нийлүүлэх нөхцөл бүрдэх юм.
