М.Нарантуяа-Нарагийн гэрт нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлсан этгээдийг 8 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татах санал хүргүүлжээ

М.Нарантуяа-Нарагийн гэрт нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлсан этгээдийг 8 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татах санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах гэрт нь хулгай орсон талаар тэрбээр олон нийтийн сүлжээнд мэдээлж, "уг хулгайн хэргийг гаднын захиалгатай, монголын улс төр, бизнест нөлөөтэй хоёр хүнийг үйлдсэн байж болзошгүй" хэмээн хардаж буйгаа илэрхийлж байсан. 

Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж М.Нарантуяа-Нарагийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах гэрээс эд зүйл хулгайлсан байж болзошгүй сэжигтэн этгээдийг олж тогтоосон байдаг. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гэмт хэргийг 25 настай, эрэгтэй М гэгч үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Тэгвэл тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй М-д холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, улмаар түүнийг яллагдагч татах саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлсэн байна.

Ингэхдээ, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлсан этгээдийг 8 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг мөрдөн байгууллагаас прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа аж. 

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, "М.Нарантуяа-Нарагийн гэрт нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлсан этгээд дээрх гэмт хэргийг үйлдэж, улмаар Улаанбаатар хотод нийтийн байранд орогнож байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Мөн тухайн этгээд нь генератор зэрэг овор хэмжээ ихтэй эд зүйлийг нь гэртээ хадгалж байсан бөгөөд уг хэргийнхээ талаар "Ямар нэгэн санаа зорилгоор хулгай хийгээгүй. Тэнэж байгаад эзэнгүй айл байхаар нь орсон" хэмээн мэдүүлсэн гэх мэдээлэл байдаг юм. 

Тэгвэл Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл /Хулгайлах/-ийн 1-д "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан бол  2-д Энэ гэмт хэргийг: 2.4. Учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө