Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгч байгаатай холбогдуулан 19:30 цагт мэдээлэл өгнө гэж нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас Т.Даваадалайг Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог зам, Хоёрдугаар тойрог зам зэрэг төслийг сонгон шалгаруулах явцад их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэлд хянан шалгалт явуулсан. Шалгалтын үр дүнд Т.Даваадалай нь өөрийн гэр бүлийн хамаарал бүхий "А"-ийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг, "А"-ийн найзын компанид 709 сая төгрөг, "А"-ийн 50 хувь эзэмшдэг компаниар 47.9 сая нийт 6.6 тэрбум төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн талаар мэдээлсэн. Улмаар түүнд Эрүүгийн тухай хуулийн 22.1 дэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн байгаа юм.
Сануулахад, НЗД-ын орлогч Т.Даваадалай “Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллийн дагуу байр сууриа илэрхийлэхээр шийдлээ. Миний ойлгосноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны нууцыг прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэсгээр олон нийтэд мэдээлэл өгөх ёстой. Гэтэл өнөөдрийн мэдээлэл ил тод гүтгэлгийн шинжтэй байгаад харамсаж байна. Өчигдөрхөн НИТХ-ын дарга А.Баяр албан тушаалтайгаа зууралдаж байгаа бол миний бие НЗД-ын орлогчийн албан тушаалаа өгч байгаад шалгуулахад бэлэн” гэж мэдэгдэж байсан юм.