“Дэлхийн морьтнууд” төслөөс дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан Монгол адуунд “Монгол Улсын Баатар” цол олгох санаачилга гаргасан. Ингэхдээ монгол адууны түүхэнд байгуулсан гавьяаг төрийн дээд түвшинд үнэлж, энэхүү цолыг олгох хэрэгтэй хэмээн тайлбарласан юм. Харин иргэдийн зүгээс энэ асуудалд санал хуваагдаж хоёр талын байр суурийг илэрхийлээд байгаа. Тэгвэл бид дээрх асуудлыг тодруулах зорилгоор “Дэлхийн морьтнууд” төслийн санаачлагч Ю.Үнэнбүрэнг урьж ярилцлаа.
ВИДЕО:
-Юуны өмнө урилгыг маань хүлээн авч ирсэн танд гялайлаа.
-Нэг шинэ асуудал гарч ирээд ард түмэн хоёр хуваагдаад, учраа олохгүй байгаа цаг үед энэ асуудлыг зөв тал руу нь хандуулж өгье гээд зочноор урьсан Isee.mn сайтын хамт олонд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
-Баярлалаа. "Дэлхийн морьтнууд" төслөөс Монгол адуунд “Монгол Улсын Баатар” цол олгох санаачилга гаргасан. Яагаад ийм санаачилга гаргах болсон талаар яриагаа эхэлье.
-Миний хувьд адуу гэдэг амьтантай яг биечилж нөхөрлөөд 25 гаруй жил явж байна л даа. Дараа нь “Дэлхийн морьтнууд” төслийг санаачлаад монгол адуугаа дэлхийд алдаршуулах зорилготой ажиллаж байна. Манай төсөл адуу эх нутгаа санадаг юм байна, эх оронч юм байна, тэрийгээ биелүүлэхийн тулд хаа байсан Вьетнам улсаас гүйгээд ирж чаддаг юм байна. Энэ бүгдийг баталж контент хийсэн. Үүнийг маань ч ард түмэн маш сайхан хүлээж авч, хүн бүр адуугаа алдаршуулахын тулд юм хийгээд эхэлж байна. Энэ цаг үед монгол адуунд "Баатар" цол олгоё гэсэн санаачилгаа гаргасан.
Адуунд цол олгоно гэхээр иргэдийн хувьд өнөөдөр талдаа идээшлээд явж байгаа адуунд олгох юм шиг ойлгосон байна. Гэтэл бид нарын зүгээс ийм агуулгыг гаргаагүй юм. Харин адууны гүйцэтгэсэн гавьяанд нь цол олгоё гэсэн юм.
Хүмүүс харин ухвар ойлгоод тэмээндээ өгье, ямаандаа өгье гэж яриад байна. Бид монгол адуугаа муу хэлж болохгүй, монгол адууныхаа дэлхийд гүйцэтгэсэн гайхамшигтай үүргийг муу хэлж бүр болохгүй.

- ТАЛД ИДЭЭШИЛЖ ЯВАА АДУУНД БИШ ХҮНИЙ ТҮҮХЭНД ЭРГЭЛТ ХИЙСЭН ГАВЬЯАНД НЬ "БААТАР" ЦОЛ ОЛГОНО -
-Таны хэлснээр иргэдийн санаа бодол энэ асуудалд хоёр хуваагдчихаад байгаа нь харагдаж байна. Зөв гэж байгаа хэсэг хүмүүс байна. Нөгөө талд “Тэмээнд онц тээвэрчин” өгье гэж байгаа ч хүмүүс байна. Мэдээж адуу түүхэнд гавьяа байгуулсан амьтан мөн. Гэтэл таван хошуу малын нөгөө дөрвөн амьтан нь огт гавьяагүй гэсэн үг болчих гээд байна л даа.
- Таван хошуу малын нэг, өдөр тутамдаа унаж эдэлдэг адуугаа Баатар болгочих юм бол ёстой энэ хүмүүсийн яриад байгаагаар идэж болох уу, унаж болох уу гэсэн асуудал яригдана. Адуу гэдэг амьтантай олон жил нөхөрлөж байгаагийн хувьд магтаад ганц нэг юм хэлэхэд, хүнийг хоёр хөлөөрөө алхаж хоолтойгоо арай ядан залгаж байхад адуу нөхөрлөсөн юм. Тэр цаг үеэс адууны хүчээр түүхийн эргэлт хийсэн. Хурдан яваад дуртай ангаа агнадаг, хурдан нүүдэллээд дуртай газраа очдог болсон байна. Энийг хэн ч ярьдаггүй. Дараа нь 13-р зуунд адууныхаа хүчээр дэлхийг ноёрхож 100 жил амар амгалан байлгаж чадсан. Дэлхийн түүхийг ярихад монголын түүх заавал ордог, монголын түүхийг яриулахгүйгээр дэлхийн түүхийг яриулах юм бол амтгүй хоол болно.
- Монгол адууны үүх түүх, дэлхийн түүхэнд байгуулсан гавьяаг нь яриад л байвал яриад л байх нь. Харин энэ “Баатар” болгох санаачилга хэрэгжвэл нийгэм, соёл, бодлогын түвшинд ямар бодит өөрчлөлт, үр дүн авчирна гэж та харж байна вэ?
-Монгол адууны гүйцэтгэсэн үүрэг, гавьяанд нь “Баатар” бол өгчих юм бол энэ залуучууд сонирхоод эхэлнэ. Яагаад баатар болов гээд. Түүхийг нь судалдаг болж ирнэ. Адууны түүхийг судалж эхэлснээр монголын түүх, соёлыг дагаад судалж эхэлнэ. Нүүдэлчдийн үндэсний өв соёлоос алсраад байгаа хүүхэд багачуудыг зөв хүмүүжиж, төлөвшихөд нэмэр болно гэж ойлгоод байгаа.

- АМЕРИКЧУУД РЕКЛЭСС ГЭДЭГ МОНГОЛ АДУУНД "ЯЛАЛТЫН БААТАР" ЦОЛ ӨГСӨН -
- Дэлхий дээр амьтнаа хайрладаг, хүндэлж дээдэлдэг улсууд олон байна. Харин хайрлаж хүндэлдэг тэр амьтандаа “Баатар” ч юмуу, тухайн улсад нь ямар цол байдаг юм, тэр цолоо өгсөн жишээг та мэдэх үү?
Монгол адуу Реклесс дайны үеэр америкт очоод тухайн армийн хамгийн бага цолноос, хамгийн дээд цол хүртэл бүх цолыг нь авсан. Яагаад гэвэл тэр дайнд сумыг нь зөөж өгч, маш их гавьяа байгуулсан учраас. Сүүлдээ америкчууд тэр моринд “Ялалтын баатар” гэсэн цол өгсөн. Оросууд бас монгол адууг баатар гэж нэрлэдэг. Орос улс бас тагтаанд “Баатар” цол өгсөн байдаг. Яагаад гэвэл Дэлхийн II дайны үед нэг улсаас нөгөө улсад хэл хүргэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн амьтан юм. Тэр ч битгийн хэл Францын хаан морио парламентын гишүүн болгосон тохиолдол ч байна шүү дээ. Яагаад ингээд байдаг гэхээр хүн хийх ажилгүйдээ биш, тэр үлгэр дуурайллыг тухайн нийгэмдээ зөв үлдээх, түүнийгээ дагаж яваа хойч үе нь энэ түүх чухал юм байна шүү гэдгийг ухаардаг. Тэгэхээр монгол адууг тэр талаас нь хараад энэ санаачилгыг гаргасан юм.
Миний хамгийн гол гуйх юм бол хоорондоо битгий хэрэлд ээ. Гэхдээ энэ хэрүүл дундаас миний хамгийн эмзэглэж байгаа юм нь нийт коммент бичиж байгаа хүмүүсийн ихэнх нь адууны махыг идэх тухай асуудал ярьж байна.
“Адууны умс китай хамгийн сайхан”, “Адуу идэж чадахгүй болчихлоо”, “Баатар адуугаа идэх юмуу” гэж ярьж байна. Бид нар харин түүнийг хайрлах тухай, дээдлэх тухай, түүгээр дамжуулаад залуу үеэ зөв төлөвшүүлэх тухай асуудлыг бид нар ярьж байна. Монгол хүний хамгийн хайртай амьтан юу вэ гэвэл морь л гэнэ шүү дээ. Тэгвэл яг одоо морио яаж хайрлаж байгаа юм. Энэ олон наадмаа хар, алж идэж байгаагаа хар. Хайрлаж байгаа нь энэ юмуу гэж асуумаар байгаа юм.
- Монголчууд нэгэнт л адууныхаа умс, китайг иддэг. Өвлийн цагт адууныхаа махыг идэж тамир тэнхээгээ авдаг хүмүүс шүү дээ.
- Монголчууд адууны мах иддэггүй байсан. Өвөрмонголчууд одоогоороо иддэггүй. Хамгийн дотно амьтныхаа махыг идэхгүй шүү дээ. Яагаад гэвэл хүндэлж байгаа байхгүй юу. Одоо идээд байгаа нь Оросууд 70 жил биднийг эзэгнэхдээ иддэг болгочихсон юм.
- Та адууны мах идэж байна уу?
- Идэхгүй. Энд тэндхийн цайны газарт идсэн л байдаг байх л даа. Тэрнээс биш хэзээ ч зорьж адууны мах иддэггүй. Намайг дуурайгаад адууны мах идэхээ больсон найзууд, уяач нар ч олон байдаг.
- Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Ярианыхаа төгсгөлд уншигчиддаа хандаж юу гэж хэлэх вэ?
- Миний ард түмэн ухаантай, ухаантай. Би бас нэг зүйлд баярласан л даа. Намайг муулж байгаа хэдий ч тэр дунд монгол адуугаа муулсан хүн нэг ч байхгүй байсан. Тэгэхээр нь би монгол адуундаа хайртай нь хэвээрээ л байгаа юм байна гэж баярлаад байгаа юм. Тэгэхээр энэ санаачилга маань монгол адууны гавьяанд нь олгох юм шүү гэдгийг дахин дурдаад, сайхан дэмжээд өгөөрэй гэж уриалмаар байна.
- Баярлалаа танд.