Л.Ану-Үжин: "Туулын хурдны зам"-ын урьдчилгаанд өгсөн 600 орчим тэрбум төгрөгийг Х.Нямбаатар, Т.Даваадалай нар олж ирэхгүй бол шоронд суух ёстой

Л.Ану-Үжин: "Туулын хурдны зам"-ын урьдчилгаанд өгсөн 600 орчим тэрбум төгрөгийг Х.Нямбаатар, Т.Даваадалай нар олж ирэхгүй бол шоронд суух ёстой

Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлыг барилгын инженер, хот төлөвлөгч Л.Ану-Үжинтэй ярилцлаа.

ВИДЕО:

– Туулын хурдны замын бүтээн байгуулалтын төслийг эсэргүүцэж байгаа олон хүн байна. Тэдний нэг нь та. Энэ төслийг эсэргүүцэж байгаа шалтгаан юу вэ?

– 2020–2021 онд нийслэлд Зам, тээврийн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын орлогч дарга, авто замын ачаалал бууруулах ажлын дэд хэсгийн ахлагчаар ажилласан. Энэ хугацаанд зам, тээвэртэй холбоотой 20 гаруй томоохон судалгааг хийж боловсруулсан. Өнөөдрийн хотын удирдлагуудын ярьж байгаа судалгаануудын суурь нь эдгээр судалгаанууд. Мөн 2023–2024 онд Дэлхийн банкны үндэсний хэмжээний зам, тээврийн судалгааг Монголд боловсруулсан. Иймээс мэргэжлийн хүний хувьд, хот төлөвлөлт, хотын менежментийн чиглэлээр ажилласан туршлага, зам тээврийн салбартай холбоотой ажлууд дээр үндэслэн, Улаанбаатар хотын түгжрэлийн шалтгаан, нөхцөл байдлыг тоон өгөгдөлд тулгуурлан мэдэж байгаа. Иймээс энэ замын төсөл үндэслэлгүй, хэрэгжүүлэх үндэслэл хангалтгүй гэсэн байр суурьтай байна.

– Хотын удирдлагууд түгжрэлийг 30 хувиар бууруулна гэж байна. Та боломжгүй гэж байна. Иргэдэд ойлгомжтой тайлбарлавал?

– Улаанбаатар хотын түгжрэлийн 65 хувь нь Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд, хотын төв, ялангуяа Энхтайваны өргөн чөлөө дагуу төвлөрдөг. Бага тойруу, Их тойруу орчимд ормогц түгжирдэг нь иргэдэд мэдэгдэж байгаа. Яагаад гэвэл хорооллоос долоон буудал, Саппорогоос гуравдугаар хороолол, Нарантуулаас зурагт гэх мэт чиглэлд шууд явах замын сонголт байхгүй. Заавал төвийн замаар орж явдаг. Үүнээс болж ганц хэвтээ тэнхлэг дээр ачаалал үүсэж, зорчих хугацаа уртасч байна. Гол асуудал нь босоо чиглэлийн туслах замууд хангалтгүй, автомашины тоо замын багтаамжаас гурав дахин их, тээврийн хэрэгслийн дүүргэлт 1.2 буюу 6 машинаас 5-д нь ганц хүн зорчиж байна. Энэ нь үр ашиггүй, нийтийн тээврийн сонголт хангалтгүй байгааг харуулж байна. Иймээс замын хэрсэн сүлжээг сайжруулах шаардлагатай. Харин Туул дагуу хурдны зам барих маршрут буруу. Хурдны замыг үгүйсгээгүй, харин энэ байршил буруу. Онолын хувьд “эрэлт өдөөх нөлөө” гэж байдаг. Зөв тооцоогүй дэд бүтцийн төсөл хэрэгжүүлбэл түгжрэлийг бууруулахгүй, харин нэмэгдүүлдэг. Олон улсын жишээгээр 3–5 жилийн дараа хурдны зам өөрөө түгжрэлийн эх үүсвэр болдог.

– Байгаль орчны үнэлгээ, зураг төсөл байхгүй гэж байна. Энэ хууль зөрчсөн үү?

– Бүхэлдээ хууль зөрчсөн. Байгаль орчны үнэлгээ нь барилгын өмнө, явцад, дараах нөлөөллийг бүрэн тооцдог. Голын ай сав, экосистем, биологийн төрөл зүйл, иргэдийн эрүүл мэнд, ус, агаар, ногоон байгууламж, сэтгэл зүйд үзүүлэх нөлөөг үнэлж байж шийдвэр гаргах ёстой. Гэтэл шийдвэрийг урьдчилж гаргаад, дараа нь байгаль орчны үнэлгээг хийж байгаа нь байж болохгүй.

– Үерийн хамгаалалт болно гэж байна. Та юу хэлэх вэ?

– Үерээс хамгаалах зөв арга нь ногоон байгууламж. Харин энэ төсөл байгалийн урсцыг бетон байгууламжаар хааж байна. Ус хаагдвал хурж, буцаад үер үүсгэнэ. Энэ бол энгийн логик. Хэрэв үнэхээр үерийн хамгаалалт хийх бол Туулын ай сав, татмыг чөлөөтэй байлгах ёстой. Уулын шар ус, голын урсгал байгалийн жамаараа нийлж урсах боломжийг хааж болохгүй.

– Байгаль орчны нөлөөлөл байхгүй гэж тайлбарлаж байна. Та юу гэж үзэж байна?

– Байгаль орчны нөлөөлөл 0 байх боломжгүй. Жижиг барилга барихад хүртэл тоос, дуу чимээ, хөрсний усанд нөлөөлдөг. Харин 33 км гүүрэн байгууламж барьж, олон мянган ажилтан, техник ажиллуулахад нөлөөлөлгүй байна гэж байхгүй.

– Та нийслэлийн энэ төслийг явуулж байгаа хүмүүстэй уулзаж, ТЭЗҮ болон холбогдох материалуудтай танилцах гэж оролдсон уу?

– Даваадалай дарга ч тэр, Метроны төслийн дарга хийж байгаа төрсөн дүү нь ч тэр намайг мэднэ. Мэргэжлийн хүний хувьд ч тэр, өмнө нь эдгээр судалгаан дээр ажиллаж байсан хүний хувьд ч тэр бүгдийг нь мэдэж байгаа. Би өөрийн зүгээс удаа дараалан энэ ямар учиртай төсөл вэ, энэ түгжрэлд ямар ч нөлөө байхгүй гэдгийг хэлж байсан. Би хурдны замыг эсэргүүцээгүй, харин зөв маршрутаар хийх хэрэгтэй гэж санал гаргасан. Жишээ нь Яармагаас хот руу орж ирэх, эсвэл голыг хөндлөн гарсан гүүрэн байгууламжууд барих хувилбарууд илүү оновчтой гэж үзэж санал өгсөн. Гэвч үүний оронд асуултад хариу өгөхгүй, хувь хүн рүү чиглэсэн дайралт, доромжлол, улс төрийн шинжтэй зүйлс яригдсан. Хэлэлцүүлэг хийхээр хэд хэдэн удаа урьсан боловч ирээгүй, сүүлийн мөчид цуцалсан, эсвэл утсаа авахгүй байх тохиолдлууд гарсан. Тендерийн баримт бичгүүдийг харахад олон улсын төслийн менежментийн стандарт огт хангаагүй, үг үсгийн алдаатай, шаардлагатай зураг төсөл, судалгааны бүтэц бүрэн байхгүй байсан. Тендерийн цахим систем дээр байгаа баримтуудыг өөрсдөө шалгахад ч энэ нь тодорхой харагдаж байгаа.

– Таныг албан тушаал горилж байна гэж хэлж байгаа. Үнэхээр тийм зүйл байгаа юу?

– Би 2021 онд нийслэлд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Тэр үед хамгийн сүүлд хөнгөн галт тэрэгний төслийг Засгийн газраар батлуулсны дараа “цааш ажиллахгүй” гэж шийдсэн. Учир нь улс төрийн дарамт, шахалт маш их байсан. Би өөрөө сайн дураараа ажлаа өгсөн хүн. Буцаж ажилд орох ямар ч шаардлага надад байхгүй. Надад өмнө нь санал тавьж байсан баримтууд ч бий. Хэрвээ би үнэхээр албан тушаал горилсон бол тухайн үедээ шууд журмаар нь орж ажиллах боломжтой байсан. Гэхдээ тийм шаардлага байгаагүй. Одоо би өөрийн бизнесийг хийж байна, мөн Дэлхийн банкинд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа. Гэрээ нь хүртэл байгаа. Тиймээс надад энэ асуудал дээр ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй.

– Энэ асуудалтай холбоотойгоор хуулийн байгууллагад хандах уу?

– Олон удаагийн дарамт, сүрдүүлэгт өртсөн. Хүний эрхийн байгууллагуудтай зөвлөлдөж байна. Амнести Интернэшнл байгууллагаас ч зөвлөгөө авсан. Энэ нөхцөлд хаана, ямар журмаар хандах ёстой вэ гэдгийг судалж байгаа. Шаардлагатай бол хуулийн байгууллагад хандах болно.

– Та сүрдүүлэг гэж хэлсэн. Тодруулахгүй юу?

– Миний цахим хаяг өмнө нь нэг удаа устгагдсан. Дараа нь сэргээсэн. Гэтэл дахин хакердах оролдлого гарсан. Түүнээс хойш хамгаалалттай болсон ч Туулын хурдны замтай холбоотой байр суурь илэрхийлсний дараа янз бүрийн заналхийлэл ирж эхэлсэн. Утсаар “ална”, “зам барина” гэх мэт хараал, сүрдүүлэгтэй мессеж хэд хэдэн удаа ирсэн. Танихгүй дугаараас залгаж заналхийлсэн тохиолдол ч гарсан. Одоогийн байдлаар ийм тохиолдол зургаагаас давсан.

– 2.3 их наяд төгрөгийн төсөв. Энэ хэмжээний мөнгөөр өөр юу хийж болох байсан бэ?

– Энэ бол маш их хэмжээний мөнгө. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал бол судлагдсан, тоон өгөгдөлтэй, шийдлүүд нь тодорхой болсон асуудал. Жишээ нь “20 минутын хот” концепц өөрөө түгжрэлийг бууруулах хамгийн үр дүнтэй бодлогын нэг. Хүн өдөр тутмын үйлчилгээ авахын тулд хол явах шаардлагагүй болох бүтэц. Хурдны зам бол Улаанбаатар шиг нягт төлөвлөлттэй хотод анхдагч шийдэл биш. Энэ төрлийн зам нь ихэвчлэн хоорондоо хол байрлалтай, логистикийн хотуудыг холбодог зориулалттай. Тиймээс энэ 2.3 их наяд төгрөгийг нийтийн тээвэр, замын сүлжээний шинэчлэл, бодлогын шийдлүүдэд зарцуулсан бол илүү үр дүнтэй байх боломжтой байсан.

– Төсөл зогсвол урьдчилгаа мөнгийг буцааж авах боломж бий юу?

– Одоогийн нөхцөлд буцааж авахад маш хүндрэлтэй. Гэхдээ хуулийн хариуцлага заавал яригдах ёстой. Энэ асуудлыг хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай.

– Ерөнхий сайд төслийг түр зогсоосон гэж мэдэгдсэн. Та үүнийг хэрхэн харж байна?

– “Шалгаж дуусах хүртэл түр зогсоосон” гэж ойлгосон. Гэхдээ хамгийн гол асуудал нь хэн шалгах вэ гэдэг. Мэргэжлийн бус хүмүүс өөрсдөө хэрэгжүүлсэн төслөө өөрсдөө шалгана гэвэл энэ нь бодитой дүгнэлт гарахгүй.

– Төгсгөлд нь нэмж хэлэх зүйл байна уу?

– Энэ зам Яармагийн түгжрэлийг шийдэхгүй. Учир нь байршлын хувьд огт хамааралгүй маршрут. Орц, гарц хэт олон тул өөрөө шинэ түгжрэлийн цэгүүд үүсгэнэ. Зураг төсөл, судалгаа бүрэн хийгдээгүй, өртөг нэмэгдэх өндөр эрсдэлтэй. Урт хугацаанд энэ төсөл Туул голын ай сав, хотын ногоон байгууламж, иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзэж байна.

Ярилцсанд баярлалаа. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө