"Сүүдрэвчтэй худалдаа, Food street-ийг дүүргээс заасан байршилд ажиллуулна

"Сүүдрэвчтэй худалдаа, Food street-ийг дүүргээс заасан байршилд ажиллуулна

Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас өнөөдөр /2026.04.29/ нийслэлийн зургаан дүүргийн менежер болон, Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга нартай худалдаа, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой журмын хэрэгжилтийг хангах талаар хурал зохион байгуулжээ.

Нийслэл, дүүргийн удирдах албан тушаалтнууд улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ, явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгийг (Food street) дүүргээс батлагдсан байршилд ажиллуулах, ТҮЦ-ийг дүүргээс баталсан байршилд байрлуулна гэж заасны дагуу ТҮЦ байршуулах боломжит болон хориглосон байршлуудыг тодорхой болгож иргэдэд нээлттэй зарлах, иргэдээс ирүүлсэн хүсэлт, өргөдөл, гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэх, зөвшөөрөлгүй тавигдсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр болжээ.

14 хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаас хоол үйлдвэрлэл, гутал засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнес зэрэг 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлөх шийдвэр гаргаж, Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан 100 бизнесийг зөвшөөрөл, бүртгэл зэргээс чөлөөлж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлж байв.

Харин “Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам”-ыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/29 дүгээр тогтоолын хавсралтаар шинэчлэн баталжээ.