Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр "Газпорм" НХН-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр "Газпорм" НХН-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явц, талуудын оролцоо, Монгол Улсын хүртэх эдийн засгийн болон нийгмийн үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Монголын талаас уг төсөл нь эдийн засгийн үр ашигтайгаас гадна бүс нутгийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангах, гурван улсын урт хугацааны стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтойг онцлон тэмдэглэв. Уг төслийг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын хүртэх үр өгөөжийг тодорхой болгох, дотоодын оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн бодит өгөөжийг хангах чиглэлд анхаарч ажиллах байр сууриа илэрхийллээ. Оросын талаас уг төсөл нь эдийн засгийн өндөр өгөөжтэйгээс гадна Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, ажлын байр шинээр бий болгох, нийгэм, байгаль орчны тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулах боломжтойг тэмдэглэв. Талууд төслийн хүрээнд харилцан ашигтай, урт хугацааны хамтын ажиллагааг хангах, хэрэгжилтийн уялдаа, зохицуулалтыг сайжруулан цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.