Монголын 15 залуу дипломат Австрали улсад сургалтад хамрагдаж байна

Монголын 15 залуу дипломат Австрали улсад сургалтад хамрагдаж байна

Монгол Улсын Гадаад харилцааны яамны 15 залуу дипломат ажилтан Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 19-29-ний өдрүүдэд “Дипломат үйл ажиллагаа ба олон улсын харилцаа” сэдэвт богино хугацааны сургалтад хамрагдаж байна.

Тус сургалтыг Гриффитийн их сургууль болон Австралийн Гадаад харилцаа, худалдааны яамны дэргэдэх Дипломат академи хамтран зохион байгуулж байгаа бөгөөд оролцогсдод өнөөгийн геополитикийн нөхцөл байдалд дипломат үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлэх практик ур чадварыг олгоход чиглэж буй юм. Сургалтын хүрээнд залуу дипломатууд гадаад бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, олон улсын харилцаанд санал санаачлага гарган манлайлах, тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах арга барилд суралцаж байна. Мөн Д.Даваасүрэн Элчин сайд дөрөвдүгээр сарын 21-ний өдөр сургалтад хамрагдсан хүмүүсийг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан, сургалтын агуулга, явцын талаар санал солилцжээ.