ШУУРХАЙ: Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах саналыг шүүх хүлээн авахаас татгалзсан тул түүнийг суллахаар боллоо

2026-04-27 17:16

ШУУРХАЙ: Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах саналыг шүүх хүлээн авахаас татгалзсан тул түүнийг суллахаар боллоо

Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайн орон байранд нэгжлэг хийж, түүнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар баривчлан, шалгаж эхлээд байгаа. 

Үүнтэй холбоотойгоор түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсанг хүчинтэйд тооцуулах саналыг шүүхэд хүргүүлээд байсан бөгөөд тус саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүх хэлэлцэж, дөнгөж сая шийдвэрээ гаргасан байна. Ингэхдээ сэжигтэн болох Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах саналыг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Ингэснээр шүүгчийн захирамж хүчинтэй болсон даруйд түүнийг ШШЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангиас суллах юм.

2026-04-27 11:30

ШУУД: "Т.Даваадалай нарын орон байранд нэгжлэг хийж, хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа явагдсан" гэж Прокурорын газраас мэдэгдлээ

Хуулийн байгууллагаас Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай нарын нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд явсан. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газрын Авлига, мөнгө угаах гэмт хэрэг хянан шийдвэрлэх хэлтсийн дарга А.Дүүрэнбилэгээс тодрууллаа. 

ВИДЕО: 

-Нийслэлийн "Сэлбэ дэд төв"-ийн тендертэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгч Д.Сэргэлэнбаатар, "Үнэн ба зөв" намын дарга Ш.Мөнхсайхан нарын албан тушаалтнуудыг саатуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар та мэдээлэл өгөөч.

-Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэргийн талаарх мэдээллийг мөрдөх байгууллагаас тодруулж, илүү нарийн тодорхой мэдээллийг авах боломжтой.

АТГ-аас "Сэлбэ дэд төв"-ийн орон сууцны барилгын тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нэр бүхий иргэдийг хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа явуулсан. 

-Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн орон байранд нь нэгжлэг хийж, саатуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарлаа. Энэ асуудлаар та мэдээлэл өгөөч. 

-Уг асуудалд Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-р зүйлийн 2.1, 18.6-р зүйлийн 1 дэх хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр дурдсан иргэдийн орон байр, хуулийн этгээдийн албан өрөө болон иргэн н.Билгүүн, н.Болормаа нарын орон байранд нэгжлэг хийх, хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа явагдсан.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.4-р зүйлийн 2.1 буюу хөрөнгө завших, 18.1 буюу мөнгө угаах гэмт хэргээр Эрүүгийн цагдаагийн албанаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 

2026-04-27 08:13

ШУУРХАЙ: "Туулын хурдны зам"-ын төсөлтэй холбоотойгоор НЗД-ын орлогч Т.Даваадалайг хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж эхэлжээ

“Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой асуудал сүүлийн үед "өндрийг" авч, уг төслийг хууль хяналтын байгууллагаар шалгаж дуусах хүртэл түр хугацаанд зогсоогоод байгаа. 

Үүнтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас (АТГ) “Туулын хурдны зам”-ын төслийн хүрээнд нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байдаг. Тодруулбал, АТГ-аас "Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр уг асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа" гэдгийг тодотгосон. 

Тэгвэл "Туулын хурдны зам"-ын төсөлтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн гэрт АТГ-аас өчигдөр /2026.04.27/  нэгжлэг хийж, улмаар түүнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар саатуулан, шалгаж эхэлжээ. 

Сануулахад, “Улаанбаатар метро” төслийг удирдаж буй Т.Мөнхдалайгийн төрсөн ах болох Т.Даваадалайгийн эхнэрийн “Авангард Уран Дизайн энд Инженеринг” гэх компани тус тендерийн сүүлчийн шатанд шалгарсан байдаг. Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу. Мөн түүний эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани “Туулын хурдны зам”-ын тендерээс 20 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл ч ил болоод байгаа юм. Тиймээс бид албан ёсны дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох байгууллагуудаас тодруулан эргэн мэдээлэх болно.