Ой хээрийн таван гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Ой хээрийн таван гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2026.04.29/-ний өдрийн 18:30 цагийн байдлаар ой, хээрийн нийт таван удаагийн гал түймэр бүртгэгдээд байна. Үүнээс нэг түймрийг цурамд оруулж, үлдсэн 4 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн ангийнхан шуурхай ажиллаж байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир II багийн “Бэлчир” гэх газарт гарсан ойн түймрийг 15:56 цагт цурамд оруулжээ. Харин тус сумын Цагаанбэлчир багийн “Нам-Улаан” гэдэг газар гарсан өөр нэг ойн түймрийг унтраахаар ажил үргэлжилж байна. Мөн Дорнод аймгийн Булган сумын III багийн “Хадан хөв” болон Чулуунхороот сумын III багийн “Чулуут өндөр” гэх газруудад гарсан хээрийн түймрүүдийг унтраахаар ажиллаж байгаа бол Хэнтий аймгийн Норовлин сумын Онон III багийн “Шиврийн ам” гэдэг газар гарсан хээрийн түймрийг мөн унтраахаар ажиллаж байна. Дээрх түймрүүдийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 279 хүн, 41 автомашин, 10 мотоциклтойгоор оролцож, нөхцөл байдлыг хяналтад авахаар ажиллаж байгаа юм.