Нийслэл энэ онд 4 их наяд 637.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 398.4 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Үүний 82.7 хувь буюу 3 их наяд 835.1 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдсэн 17.3 хувь буюу 802.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн байдаг. Цаашлаад торгуулийн орлогоор 221.1 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ гэжээ. Энэ нь өнгөрсөн оноос 61 тэрбумаар өссөн үзүүлэлт учраас энэ жил замын цагдаагийн ажилтнуудын ажил тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг. Дээрхи тоо мэдээллээс үзвэл хүү, торгуулиас олох орлого ямар их хэмжээний жин дардаг гэдгийг харж болно.
Нийслэлийн болон улсын төсвийн торгуулийн орлогын зарцуулалтын талаар хуульд тодорхой зохицуулалт бий. Монгол Улсын “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” болон холбогдох бусад хуулийн дагуу иргэдийн хувьд жил бүр тушаасан торгуулийн дор хаяж 40 хувь нь гэмт хэрэг, зөрчил бууруулах ажилд очих ёстой гэсэн үүрэгтэй. Мөн зам, гүүр, хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээний засвар үйлчилгээ зэрэгт зарцуулах учиртай. Гэсэн энэ орлого зориулалтын бусаар буюу "Тийбол" тэмцээн, гадаад аялал, прокурорын машины засварт зарцуулсныг аудитчид тогтоолоо.
"ТОРГУУЛИЙН МӨНГӨ ЗОРИУЛАЛТЫН БУС ТӨСВИЙН “НӨХӨӨС” БОЛЖ БАЙНА"
Сүүлийн хоёр жилд улсын хэмжээнд нийт 6.4 сая зөрчилд шийтгэл ногдуулж, 361 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь төлөвлөсөн 322.7 тэрбум төгрөөс давсан үзүүлэлт юм. Гэвч энэ “амжилт” нь бодит гүйцэтгэл гэхээс илүү өмнөх жилүүдийн төлөгдөөгүй торгуулийг нөхөн төвлөрүүлсэн, мөн төлөвлөлт анхнаасаа үндэслэлгүй байсантай холбоотой болохыг аудит онцолжээ. Аудитаар нийт 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, үүнээс 2.8 тэрбум төгрөгийн зөрчилд хоёр төлбөрийн акт, 12 тэрбум төгрөгийн зөрчилд 41 албан шаардлага, 17 тэрбум төгрөгийн зөрчилд 163 зөвлөмжийг шалгагдагч байгууллагуудад хүргүүлсэн байна.
Нийт орлогын:
- 97.2% буюу 351 тэрбум орон нутгийн төсөвт
- 2.8% буюу 10 тэрбум улсын төсөвт төвлөрүүлж байна.
Гэвч асуудал нь төвлөрүүлсэн орлогын 246.9 тэрбум ердөө “суурь орлого” болж шингэсэн юм. Зорилтот зарцуулалт харьцангуй бага байгаа юм. Тухайлбал,
- Гэмт хэргээс сэргийлэхэд 55.9 тэрбум
- Авто замын санд 48.3 тэрбум төгрөг байгаа юм. Өөрөөр хэлбэл, торгууль сахилга, урьдчилан сэргийлэлтэд бус, төсвийн “нөхөөс” болж байна.
"НИТХ 137.5 САЯ ТӨГРӨГӨӨР ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД УРАМШУУЛАЛ ОЛГОЖЭЭ"
Монгол Улсад жилд гурван сая гаруй зөрчилд торгууль ногдуулдаг. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч, татвараа хугацаандаа төлөөгүй компани, хяналт шалгалтад баригдсан бизнес эрхлэгч эдгээр бүгдийн тушааж байгаа мөнгийг хууль нь орон нутгийн төсөвт оруулж, тодорхой зориулалтаар зарцуулахыг шаарддаг. Гэтэл энэ мөнгө зориулалтын бусаар зарцуулагдсан тохиолдол их байна. Тодруулбал,
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал:
- 300 сая төгрөгөөр үерийн ус соруулах насос, хоолой худалдан авахад зарцуулсан
- 768 сая төгрөгөөр цагдаа, шүүх, бусад байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны зардалд
- 124.9 сая төгрөгөөр гадаад улс руу албан томилолд зарцуулсан ч үр дүнг тооцсон баримт байхгүй
- 137.5 сая төгрөгөөр иргэний зөвлөлийн гишүүдэд урамшуулал гэж тайлагнасан ч нийтэд огт мэдээлээгүй

"ЧД 72.8 САЯ ТӨГРӨГ ЯПОН, СОЛОНГОС, ХЯТАДАД ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛД ЗАРЦУУЛЖЭЭ"
Зөвхөн нийслэлийн төлөөлөгчид бус дүүрэг, орон нутагт ч төсвийн буруу зарцуулалт их байна. Тухайлбал:
- Чингэлтэй дүүрэг: 72.8 сая төгрөгөөр Япон, Солонгос, Хятадад туршлага судлах аялалд
- Баянгол дүүрэг: 19.7 сая төгрөгөөр прокурорын газрын авто машин засахад
- Баянхонгор аймаг: 6.9 сая төгрөгөөр крикет тэмцээн, сэргээн засах эмчилгээнд зарцуулсан
Аудитчид эдгээр зарцуулалтыг Төсвийн тухай хууль болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн тусгай заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ.
“АЙМГИЙН ИТХ-УУД ТОРГУУЛИЙН ДҮНГ ДУР МЭДЭН ӨӨРЧИЛДӨГ”
Торгуулийн орлогыг зөвхөн зориулалтын дагуу захиран зарцуулах бус орлогоо төвлөрүүлж чадахгүй байгааг аудит онцолжээ. Цагдаагийн байгууллагаас 2017-2024 оны хооронд ногдуулсан 70.9 тэрбум төгрөгийн торгуулийн тал орчим хувийг л авч чадсан байна. Татварын ерөнхий газрын хувьд 2024 оны эцэст 283.6 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн үлдэгдэлтэй байжээ. Цаашлаад Сангийн яам орон нутгийн торгуулийн орлогын төлөвлөгөөг жил бүр хянаж баталдаг. Гэтэл аймгийн ИТХ-ууд тэр дүнг дур мэдэн өөрчилдөг байдал аудитаар тогтоогджээ.
Тухайлбал, Дундговь аймаг сангийн яамнаас баталсан торгуулийн хэмжээг 813 хувиар Сүхбаатар аймаг 218 хувиар, Орхон аймаг 157 хувиар, Нийслэл 98 хувиар нэмэгдүүлсэн байна. Аудит дүгнэхдээ “орлого бүрдүүлэгч байгууллагуудын зөрчлийн тоо хэмжээ, бодит байдалд үндэслэлгүй, судалгаагүйгээр батласан” гэжээ.
Эдгээр тоо баримт нэг зүйлийг тодорхой харуулж байна. Монгол Улсад торгуулийн тогтолцоо анхных шигээ хууль сахиулах, зөрчил бууруулах хэрэгсэл биш болж, харин орлого бүрдүүлэх санхүүгийн механизм болон хувирчээ. Гэвч энэ механизм ч өөрөө үр ашиггүй, төлөвлөлт нь буруу, зарцуулалт нь зориулалтын бус, хяналт нь сул, цуглуулалт нь хангалтгүй байна. Системийн дотор ажиллаж буй хүмүүс дүрмийг мэддэг, харин дагаж мөрдөх сэдэл болон хяналт хангалтгүй байна. Иргэдийн тушаасан торгуулийн мөнгө насос авах, тэмцээн зохион байгуулах, гадаад аялал хийхэд зарцуулагдсан хэвээр байвал тогтолцоонд итгэх итгэл ямар байх вэ гэдэг асуултад хүргэж байна.
Д.АНАР