Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил тэгш ой тохиож байна. Тэгш ой тохиож буйтай холбоотойгоор энэ зун болох Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх эсвэл 512 бөх барилдах эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байсаар байна.
Гэвч 2022 оны зургаадугаар сарын 22-нд батлагдсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 9.1-д “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана.” гэж заасан байдаг. Гэвч зарим бөх сонирхогч болон нэр бүхий төрийн албан тушаалтнууд тэгш ой тохиож байгаа учир 1024 бөх барилдуулах нь зүйтэй гэж байгаа ч үүнийг эсэргүүцэж байгаа тал нь бөхийн цол 1024 бөх барилдахад үнэ цэнгүй болдог, нэг удаа түрүүлэхэд аварга цолтон болдог гэх мэтээр хоёр тал болон хуваагдаад байгаа билээ.
Энэ талаар Шадар сайд Х.Ганхуягаас тодруулахад, "Баяр наадмын комиссыг ойрын хугацаанд хуралдуулах гэж байгаа. Энэ хурлаар 1024 бөх барилдах эсэхийг шийднэ. Хэрэв барилдахаар болбол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Одоогийн байдлаар ямар нэгэн шийд гараагүй байгаа" гэсэн билээ.
-1024 БОЛОН 512 БӨХ БАРИЛДАХ НЬ “ТЭНГЭР ГАЗАР ШИГ” ЯЛГААТАЙ-
Хэрэв энэ жил 1024 бөх барилдвал зарим бөхчүүдийн цолны эргэлзээтэй асуудлууд хөндөгдөж эхлэх юм. Жишээлбэл, энэ жилийн улсын наадмаар 1024 бөх барилдвал 2022 онд есөн даван үзүүрлэж арслан болсон Б.Орхонбаяр болон 2025 онд ес даван түрүүлж арслан болсон Э.Батмагнай нарыг 10-ын даваанд үзүүр, түрүү булаалдахаар үлдсэн байна гээд төсөөлөөд үзье.
Хэрэв арслан Б.Орхонбаяр 10 давж түрүүлэх юм бол улсын даян аварга цолын болзол хангаж, ес давж үзүүрлэсэн улсын арслан Э.Батмагнай улсын аварга цолын болзол хангана. Харин эсрэгээрээ арслан Э.Батмагнай 10 даван түрүүлбэл даян аварга цолын болзол хангах бол ес давж үзүүрлэсэн арслан Б.Орхонбаяр арслан цолтойгоо үлдэж зөвхөн чимэг нэмэх юм. Яагаад адил цолтой бөх ижил амжилт буюу ес даван үзүүрлэхэд өөр цол хүртэж байгаа вэ гэвэл улсын аварга цолыг заавал нэгээс доошгүй түрүүлсэн тохиолдолд олгодог хуультай. Энэ жишээнээс ес даван түрүүлж арслан болох нь ес давж үзүүрлэснээс илүү үнэ цэнтэй харагдаж буй. Үүнээс улбаалан бөхчүүдийн цолны эрэмбэ асуудал дагуулж байна.
-ЦОЛ, АМЖИЛТЫН ЭРЭМБЭ БОЛ БӨХЧҮҮДИЙН ДАРААГИЙН АМЖИЛТАД ХҮРЭХ ХАМГИЙН ТОМ ХӨШҮҮРЭГ БАЙДАГ-
Тухайлбал, цолны эрэмбэ бол үндэсний бөхийн хамгийн чухал зүйл. Цол, амжилтын эрэмбээр барилдах бөхчүүдээ амлах нь хамгийн том давуу тал. Гэтэл үнэхээр ес давж түрүүлэх нь ес давж үзүүрлэж арслан болохоос үнэ цэнтэй гэж “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д үнэлж байгаа бол улсын арслан Б.Орхонбаяр, ес даван түрүүлж арслан Э.Батмагнайн дээр эрэмбэлэгдэж байгаа нь олон асуултыг дагуулдаг.
Зарим бөх судлаачид үзүүрлэж арслан болсон бөх түрүүлж арслан цолтой болсон бөхийн дээр эрэмбэлэгдэж байгаад ихэд шүүмжлэлтэй ханддаг билээ. Энэхүү үндэсний бөхийн цол, чимгийн эргэлзээтэй, “хоёр иртэй хутга шиг” шийдвэрүүдийг засаж сайжруулахгүй бол үүнээс шалтгаалан олон бөхчүүд хохирсон, хохирч байж магадгүй юм. Ес давж үзүүрлэж арслан болсон, ес даван түрүүлж арслан болсон хоёр амжилтын чанарыг адил болгох эсвэл 1024 бөхийн барилдаанд авсан цолны эрэмбийг буулгаж аль нэг талд нь гарах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Мөн 1024 бөх барилдаж начин, харцага, заан, гарди болсон бөхчүүд, 512 бөх барилдаж начин, харцага, заан, гарди болсон бөхчүүдтэй адил үнэлэгддэг ч арслан цол адил үнэлэгддэггүй.
-ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР 1024 БӨХ БАРИЛДАХАД БӨХИЙН ЦОЛНЫ ҮНЭ ЦЭН УНАДАГ НЬ ОРГҮЙ ЗҮЙЛ БИШ-
Жишээлбэл, 2022 онд болсон 1024 бөхийн барилдаанд залуу болон сумын цолтой 350 бөх барилдсан бол 2023 оны 512 бөхийн барилдаанд залуу болон сумын цолтой 206 бөх барилдаж байжээ.
Харин 2022 оны 1024 бөхийн барилдаанаар улсын начин цолтон 14, харцага цолтон дөрөв, заан цолтон хоёр, арслан цолтон нэг, аварга цолтон нэг, нийт шинэ улсын цолтон 22 төрж байсан бол 2023 оны 512 бөхийн барилдаанаар улсын начин цолтон гурав, харцага цолтон нэг, заан цолтон хоёр, арслан цолтон нэг, нийт шинэ улсын цолтон долоо төрж байсан байдаг. Үүнээс харахад нэг дахин их улсын цолтон төрдөг бөгөөд бөхчүүдэд нэг даваа сул халаасанд нь ордог гэхэд хилсдэхгүй.
Мөн Монгол бөхийг муухай харагдуулдаг зүйлүүдийн нэг бол “начин цолны найраа” байдаг. Үнэнхүү хүчийг үзэж улсын цолтон болж буй хүчтэнүүд байдаг ч цол наймаалцах замаар улсын цолтны эгнээнд ордог бөхчүүд ч бий. Дээрх жишээнээс 1024 бөх барилдахад 14 начин, 512 бөх барилдахад гурван начин төрсөн байгаа юм. Үүнээс харвал бидний хамгийн их шүүмжилдэг “начин цолны найраа” 1024 бөх барилдахаар “хавтгайрдаг” нь нүдэнд ил байдаг.
Сонирхуулахад, сүүлийн 20 жилийн хугацаанд болсон 1024 бөхийн барилдааныг нь харвал 2006 онд Д.Сумъяабазар түрүүлж аварга, Д.Азжаргал үзүүрлэж арслан, 2011 онд С.Мөнхбат түрүүлж аварга, Г.Эрхэмбаяр үзүүрлэж арслан, 2016 онд Ч.Санжаадамба түрүүлж аварга, Р.Пүрэвдагва үзүүрлэж арслан, 2022 онд О.Хангай түрүүлж аварга, Б.Орхонбаяр үзүүрлэж арслан цолын болзол хангаж байв. Гэхдээ эдгээр бөхчүүдээс одоогийн байдлаар ердөө нэг нь л буюу 2013 онд Г.Эрхэмбаяр цолоо бататгаж улсын наадамдаа дахин түрүүлсэн байна.