Ой хээрийн түймэр тавьсан этгээдэд нэг жилийн тэнсэх ял ноогдуулжээ

Ой хээрийн түймэр тавьсан этгээдэд нэг жилийн тэнсэх ял ноогдуулжээ

Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн тодорхой төрлийн хэргийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тоймлон хүргэлээ.

Тодруулбал, Дорнод аймгийн прокурорын газраас иргэн З.М нь 2025 оны есдүгээр сард Халхгол сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа өөрийн тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдан өвс, ургамлыг цэвэрлээгүйн улмаас шаталт үүсэж, хээрийн түймэр гарч, 23093 га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 76 сая 182 мянга 851 төгрөгийн, бусдын эд хөрөнгөд 57 сая 820 мянган төгрөгийн, нэг хүний биед хүнд хохирол  учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд З.М-г “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, нэг жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулж, түүний гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан, байгаль орчинд учруулсан хохиролд 7 сая 600 мянган төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэжээ.