Өнөөдрийн болзоот зочин маань “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” дээр биднийг хүлээж буй. Цангинасан, цоглог хоолойтой зохиолч эгчийн эрч хүч утасны цаанаас л надад мэдрэгдэж байв. Очих замдаа өрөвдсөн, бахархсан, басхүү сандарсан олон мэдрэмжээ тайлж явсаар, өчигдөрхөн уулзсан найз дээрээ очиж буй мэт л инээлдсээр уулзлаа.
Нүүр дүүрэн мишээл цацруулсан өнөөдрийн зочин маань “Бид чадна” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Отгонтуяа. Тэрбээр одоогоос 25 жилийн өмнө авто ослын улмаас тэргэнцэр дээр суух болсон ч өдгөө төрийн бус байгууллагаа амжилттай удирдаж, эзэмшсэн мэргэжилдээ ч эзэн нь болж гурван цуврал хүүхдийн номоо хэвлүүлээд зогсохгүй, хоёр охины ээжийн үүргээ хариуцлагатай гүйцэтгэж яваа эмэгтэй.
ВИДЕО:
- ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД Ч БЭЛЭГ ӨГӨХӨӨС ИЛҮҮ, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ЭЭЛТЭЙ ОРЧНЫГ Л БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ-
Б.Отгонтуяа 2000 оны эхээр зам тээврийн осолд орж, тэргэнцэр дээр суух болжээ. Энэ үйл явдлын дараах 10 жилийг тэр гэрээсээ гарч доод дэлгүүр лүүгээ орж ч чадахгүй шахам, өөрийгөө нийгмийн харилцаанаас тусгаарлаж амьдарсан. Яагаад гэвэл ердөө л тэр үед хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлага маш муу, хүртээмж гэдэг зүйлийн талаар яриад ч хэрэггүй байсантай холбон тайлбарлалаа. “Зөвхөн л өрөвддөг. Өрөвдөөд л, өрөвдөөд л. Нийгмийн зүгээс ч, хувь хүмүүсийн зүгээс ч өөрчлөлт хийхгүй бол өрөвдсөөр байгаад дуусвал маш харамсалтай шүү дээ. Бид нар зөвхөн өрөвдүүлээд л амьдрах биш тэгш оролцоотой байж, адилхан сурч хөгжөөд, их сургуульд сураад, хамт ажиллаад, адилхан татвараа төлөөд явахыг хүсдэг. Үйлчилгээний газрууд ч бэлэг өгөхөөс илүү, хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй орчныг л бүрдүүлэх хэрэгтэй. Ямар ч хүн явахад саадгүй, хаалга нь нээгдчихдэг, ариун цэврийн өрөө нь хүртээмжтэй, зам нь бродюргүй, стандартад нийцсэн налуу замтай л байхад болно. Тийм байвал бид нар ороод үйлчлүүлье л дээ. Бид дуртай ресторандаа орж хоолоо идээд, дуртай үсчиндээ орж үсээ засуулаад, дуртай сургалтандаа суух боломжтой байвал жинхэнэ утгаараа эрх тэгш нийгэм болно” хэмээсэн юм.

Түүний хувьд осолд орсны дараах үеийн дурсамжинд хамгийн тод үлдсэн нь хүүхдүүд байдаг аж. Гэрээсээ гарч эмнэлэг орох, автобусанд суух үед хүүхдүүд л түүнийг байгаагаар нь хүлээж авдаг байсан гэнэ. “Шатаар бууж байхад нь ч өргөж дийлэхээргүй жижигхэн хүүхдүүд гүйж ирээд, туслах санаатай бариулаас бариад авдаг байсан. Хүүхдүүд шал өөр, гайхамшигтай ертөнц байдаг юм билээ” хэмээн тэр дурсаж байлаа.
- ТЭРГЭНЦЭРТЭЙ ХҮҮХДИЙН ДҮРТЭЙ НОМ БАЙТУГАЙ ҮЙЛ ЯВДАЛ ӨРНӨДӨГ, АСУУДАЛ ШИЙДДЭГ, АДАЛ ЯВДАЛТАЙ НОМ Ч ХОВОРХОН ТААРАЛДСАН АЖ -
Үүнээс хойш Б.Отгонтуяа хүүхдийн гэгээлэг ертөнцөд зориулан ном бичиж, номоор дамжуулан тэдэнд хүмүүсийн ялгаатай байдлыг ойлгуулахыг олон жил мөрөөдөж явжээ. Тэр ер нь үргэлж л хүний амьдралд тулгамддаг үнэн зүйлсийг өөр өнцгөөс хийх юмсан гэж боддог хүн. Ингээд мэргэжлийнхээ үүднээс ч, мөн ном гаргах гэж байгаа хүний хувьд ч номын дэлгүүрүүдээр их явж хүүхдийн номны судалгаа хийжээ. Гэтэл тэргэнцэртэй хүүхдийн дүртэй ном байтугай үйл явдал өрнөдөг, асуудал шийддэг, адал явдалтай ном ч ховорхон тааралдсан аж. Тиймээс тэргэнцэртэй хүүхдийн дүрийг номондоо заавал оруулах санаандаа бат зогссон байна.
Б.Отгонтуяа 2021 онд хамгийн эхний номоо уншигчдад хүргэж байсан бол одоо гурван цуврал комик номтой болжээ. “Номиогийн адал явдал” ном нь 1-5 насны буюу цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан бол хоёр дахь ном “Жинхэнэ баатрууд” 4-8 насны хөвгүүдэд зориулсан. “Жинхэнэ баатрууд” номын агуулга нь гол дүрийн хоёр хүү өөрсдийгөө супер баатар гэж итгээд сургууль дээрээ болон эмнэлгээр явж олон сайн үйл хийж, хүмүүст тусалдаг байна. Харин “4 З-гийнхан” ном нь сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан үе тэнгийн дээрэлхэлтийн талаар өгүүлсэн ном юм. Зохиолч “4 З-гийнхэн” номоо бичихдээ охиныхоо ангийнхнаас жишээ авч, үе тэнгийн дээрэлхийн сэдвээр ном бичих нь зүйтэй гэсэн санааг олжээ. Учир нь охин нь сургуульд орсныхоо дараа ангид нь үе тэнгийн дээрэлхэлт гарч байгаа тухай ээждээ ярих болж, ээж нь ч охиныхоо хүүхэд дээрэлхэх вий, дээрэлхэлтэнд өртөхвий хэмээн санаа зовж, ойлгуулах хамгийн энгийн арга зам болох номоор дамжуулах аргыг сонгожээ. Эхлээд номондоо өөр нэр бодож байсан ч хоёр охинд нь таалагдаагүй, бас охидууд нь манай ангийг оруулаарай гэж эртнээс “лүндэн” буулгасан учраас бодож, бодож “4 З-гийнхэн” нэрэн дээр тогтсон байна.

- ХҮҮХЭД БҮРИЙН ЕРТӨНЦӨД НОМООР ГЭРЭЛ ГЭГЭЭ БЭЛЭГЛЭХЭЭР СУРГУУЛЬ СУРГУУЛИЙН ХААЛГА ТАТАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ -
Б.Отгонтуяа багаасаа багш болох мөрөөдөлтэй байсан ч эцэст нь ном зүйч мэргэжлийг эзэмшжээ. Харин өнгөрсөн жил багш болж, хүүхдүүдэд ном уншиж өгөх мөрөөдлөө биелүүлэн “Сайн дурын уншигч” болжээ. Азийн сан Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр “Хамтдаа уншицгаая” төслийг хэрэгжүүлэн бага насны хүүхдэд унших соёлыг өвлүүлж, дуу хоолой болон халуун дулаан уур амьсгалаараа нийгэмд бодит өөрчлөлтийг авчрахаар зорьж буй сайн дурын уншигч нарыг бэлтгэдэг байна. Одоо Б.Отгонтуяа мөрөөдлөө биелүүлж хүүхэд бүрийн ертөнцөд номоор дамжуулан ид шид мэт гэрэл гэгээ бэлэглэхээр сургууль сургуулийн хаалга татахад бэлэн болсон.

Азийн сангаас мөн зохиолчийн эхний хоёр номын хавтасны зургийг санхүүжүүлжээ. Азийн хөгжлийн сан дэмжсэн номуудаа Ази-Номхон далайн цахим номын санд байршуулдаг бөгөөд энд орсон номнуудыг дэлхийн хаанаас ч хүссэн хэлээрээ сонгож унших боломжтой байдаг аж. Монгол хүүхдүүд ч энэ цахим сангаас ном унших нь ихэссэн байна. Б.Отгонтуяа зохиолчийн номыг уншсан хүүхдүүд номын сангаар нь дүүрэн ном байсан ч “Номиогийн адал явдал” -аа л, “Жинхэнэ баатрууд”-аа л уншина гээд үйл явдалд нь бүр автчихдаг юм билээ. Аав ээжүүд нь ч зохиолчид хүүхдүүд нь өөрийнх нь бичсэн номыг хэрхэн шимтэн уншдаг талаар дуулгаж, урам зориг өгдөг талаар тэр бидэнтэй инээмсэглэл тодруулан хуваалцсан юм.