О.Баярмаа: Монголд анх удаа цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгуулсан өвчтөн эмнэлгээс гарлаа

О.Баярмаа: Монголд анх удаа цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгуулсан өвчтөн эмнэлгээс гарлаа

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар Монгол Улсад цусны бүлэг өөр донороос анх удаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийгээд байгаа билээ. Бид энэхүү амжилтаас нь хуваалцан УНТЭ-ийн эмнэлгийн Ерөнхий захирал, Клиникийн профессор, Анагаах ухааны магистр Д.Чулуунбаатар болон Гастроэнтерологийн Төвийн дарга, Анагаах ухааны доктор, клиникийн профессор О.Баярмаа нартай ярилцлаа.

Д.ЧУЛУУНБААТАР: БИД РАДИО ДОЛГИОНЫ ДАВТАМЖААР ХАВДРЫГ ТҮЛЖ ЭМЧЛЭХ АРГА НЭВТРҮҮЛЖ БАЙНА

-Өнөөдөр элэг шилжүүлэн суулгах 77 дахь хагалгаа хийгдэж байна. Анх эмч, эмнэлгийн ажилтнуудаа энэ хагалгаанд хэрхэн сургаж бэлтгэв?

-БНСУ-ын Асан Анагаах ухааны төвийн Элэг шилжүүлэн суулгах төвийн дарга, профессор Ли Сунг Гуй өөрийн сан болон Асан сангийн дэмжлэгээр УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах багийг багаар нь өөрийн төв дээр сургахаар болсон бөгөөд жилд 24 хүнийг 14 хоногоос нэг жил хүртэл хугацаагаар өнөөг хүртэл давхардсан тоогоор 240 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг сургасан байна.

-Анхны хагалгааг хэдэн онд эхлэн хийж, өнөөдрийн байдлаар хэчнээн хүнийг эрүүл болгоод байна вэ?

2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг, БНСУ-ын Асан Анагаах ухааны төвийн профессор Ли Сунг Гуй ахлагчтай элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хамтран амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны хагалгааг 45 настай эмэгтэйд амжилттай хийж, өнөөг хүртэл нийт 33 тохиолдолд хамтран ажилласан байна. УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг 2015 онд бие даан анхны мэс заслаа хийж байсан бол өнөөдөр 44 дэх хагалгаагаа амжилттай хийлээ. Эдгээрээс дөрвөн хүүхдэд, тархины үхэлтэй донороос гурван хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Тиймээс монгол эмч нар биеэ даагаад энэ төрлийн хагалгааг нутагшуулах хэмжээнд хүрч байна гэж үзэж байна.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгааг ямар тохиолдолд хийдэг вэ?

-Энэхүү эмчилгээ нь элэгний өвчний төгсгөлийн шатны эмчилгээ юм. Энэ бол зөвхөн хагалгаа биш, мэс заслын өмнөх бэлтгэл, дараагийн хяналт эмчилгээ гээд маш нарийн технологи шаардсан, олон мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд багаараа хийдэг ажил.  Мэс заслын, мэдээгүйжүүлгийн, элэгний, дүрс оношилгооны, лабораторийн, эмгэг судлаач эмч, эмнэлгийн мэргэжилтэн, техникч, сувилагч, лаборант нар гээд олон мэргэжилтэн хамтарч хийдэг. Нэг хагалгааны үед эмнэлзүйн болон дэмжих үйлчилгээний 60-70 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг.

-Энэ төрлийн хагалгааг гадны оронд очиж, өндөр үнээр хийлгэх шаардлагагүй болжээ. Төрөөс ч багагүй анхаарал хандуулж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Гаднын оронд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхэд өртөг өндөр, зардал чирэгдэл ихтэй. Ер нь дунджаар 100-250 мянган ам.долларын өртгөөр эмчилгээ хийгдэнэ, дээр нь замын зардал, зочид буудал, дагалдан явах хүмүүсийн зардал, виз гээд цаг хугацаа, мөнгө төгрөг нэлээд шаардсан ажил болдог. Манай Монгол Улсын Засгийн газар энэ асуудалд нэлээн хүч, анхаарал тавьж, элэг шилжүүлэн суулгах хагалгааны төлбөрийг төрөөс хариуцдаг болсон. Энэ нь ард иргэдээ санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлсэн маш чухал алхам болохын зэрэгцээ манай эмч мэргэжилтнүүдийг энэхүү хагалгааг хийж сурч, хөгжихөд маш их түлхэц болсон.

Цоо шинэ технологи нэвтрүүлэхэд бэрхшээлтэй байв уу?

-Элэг шилжүүлэн суулгах том технологи нэвтрүүлнэ гэхэд хүмүүс анх их гайхаж байсан. Хөгжиж буй орны төвшинд энэ хагалгааг хийнэ гэхэд Швейцарь, бусад хөгжингүй орны эмч мэргэжилтнүүд “Танайх арай болоогүй байх аа” гэдэг байсан. Энэ технологийг нэвтрүүлснээр бусад салбар ч дагаад түргэн хугацаанд хөгждөг юм билээ. Жишээлбэл, элэгний хагалгаанд ороход хэрэглэгдэх дагалдах тоног төхөөрөмжүүд тухайн үед байгаагүй. Тэдгээр төхөөрөмжүүд орж ирснээр инженерүүдийн чадвар дагаж хөгжсөн. Дүрс оношилгооны олон арга нэвтэрсэн, мөн эрчимт, мэдээгүйжүүлгийн зэрэг эмч нарын ур чадвар дээшилж, маш их хөгждөг юм байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгааны чиглэлээр сурсан эмч нар ердийн хагалгааны ур чадвар нь ч нэмэгдээд, өөр бусад хагалгаа хийх чадвар нь эрс сайжирсан. Үүнийг дагаад бүх салбар хөгждөг, тиймээс нэг шинэ технологи бусад салбаруудаа чирэн хөтөлдөг давуу талтай юм байна.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд донороо хэрхэн бэлтгэдэг вэ?

-Хоёр янзын донор бий. Нэгдүгээрт, амьд донорын элэгний тал хэсгийг тайрч авч өвчтөнд шилжүүлдэг. Нөгөө нь, тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг. Монгол Улсын донорын хууль батлагдсан. Энэ бүх үйл ажиллагаа энэхүү хуулиар зохицуулагддаг. Дэлхийн хандлага бол аль болох тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийхийг дэмждэг. Монгол, Солонгос, Хятад зэрэг Азийн орнуудын иргэдийн ах дүүсэг, аав ээж, ах дүү, хамаатан садныхаа төлөө, гэр бүл, хамт олныхоо төлөө явдаг онцлог, эд эрхтнээ бэлэглэх нь хамгийн том буян гэж үздэгтэй нь холбоотой амьд донороос эрхтэн шилжүүлэх нь арай илүү байдаг. Түүний үндсэн дээр амьд донороос эрхтэн шилжүүлэх хагалгаа хийгдэж байна. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхээр бэлтгэж буй донор, реципиент хоёр хоёулаа адилхан 20 гаруй нэр төрлийн шинжилгээ хийлгэж, бие организм нь бүтэц зүйн хувьд, мэс заслын хувьд гэх мэт бусад олон зүйлээр хоорондоо тохирч байж хагалгаанд ордог.

-Хагалгааны дараа донорын асаргаанд хэрхэн анхаарал хандуулдаг вэ?

-Хагалгааны дараа донорын эрүүл мэндийн асуудлыг сахин хамгаална гэдэг их чухал л даа. Эрхтнийхээ талыг өгч, сэтгэл гаргаж байгаа нь их сайхан буянтай үйлс. Реципиентээсээ ч илүү их хайрлаж, анхаарал тавьж, хагалгааны дараахь ямар нэгэн эрсдлээс сэргийлсэн бүхий л арга хэмжээг авч, хянаж ажилладаг. Хагалгааны дараа  мэс заслын эмчийнхээ хяналтад байна. Сар бүр үзүүлж, шинжилгээнд хамруулдаг. Мөн УНТЭ бөөр шилжүүлэн суулгах хагалгааг нийт 184 хүнд хийгээд байна. Тиймээс элэг, бөөрний нийлсэн олон донор бий. Манай эмнэлэг жил бүр “Донорын өдөрлөг” зохион байгуулж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд хийдэг. Үзлэг, шинжилгээнд хамруулж, ямар нэг эрхтэнд нь эмгэг өөрчлөлт илэрсэн эсэхийг нь илрүүлж, эрт оношилж, эмчлэх талаар анхаардаг.

-УНТЭ-т жилд хэдэн төрлийн мэс ажилбар хийгддэг вэ?

-Манай эмнэлэг жилдээ хэвлий, цээжний хөндийн, үений, нүд, чих, хамар хоолойн, эрүү нүүрний, бүдүүн шулуун гэдэс, бөөрний мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах гээд маш олон төрлийн 13000 орчим хагалгаа хийдэг, ажлын ачаалал ихтэй. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээллийг харахад, УХТЭ 3000 орчим, ШУГТЭ 7000 орчим хагалгаа хийдэг юм байна лээ. Элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны санхүүжилтийг төр хариуцдаг болсноос хойш хагалгаанд орох хүний тоо нэмэгдэж байна. Жилд 24 хүнд элэг, 23 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд төрөөс санхүүжилт өгч байна. 2018 онд бид 50 хүнд элэг, бөөр шилжүүлэн суулгасан байна.

-УНТЭ-д нийт хичнээн хүн ажиллаж байна вэ?

-Манайд эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, бусад үйлчилгээнийхэн, инженер, техникийнхэн гээд 800-гаад ажилтан байдаг. Эмч, сувилагч нарын цалинг Засгийн газраас тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Өнөөдрийн зах зээлийн нийгмийн ханштай харьцуулахад бага л даа. Гэхдээ бага багаар нэмэгдэж байна. “Чамлахаар чанга атга” гэдэг. Яваандаа нэмэгдэх байх аа гэж найдаж явдаг.

-Ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг анх хийсэн талаараа ярихгүй юу?

-Цусны хорт хавдартай хүмүүс сүүлийн үед нэлээд нэмэгдэж байна. 2014 оноос өнөөдрийн байдлаар 16 хүнд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах мэс ажилбар хийсэн. Энэ бол үнэхээрийн өндөр технологи. Тэр болгон хийгээд байдаг ажилбар биш. Урд нь бид лимфом (дархлааны В эсийн хавдар) гэдэг өвчин дээр 15 тохиолдолд ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн. Саяхан цусны цочмог хорт хавдартай өвчтөнд ясны чөмөг шилжүүлэн суулгасан. Лимфомын үеийнхээс илүү нарийн технологи шаарддаг. Одоо удахгүй хоёр хүнд хагалгаа хийхээр бэлтгэж байна. Бид “Монголд анхдагч, манлайлагч” уриатай, аль болох эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэхийн төлөө зүтгэдэг хамт олон. Сүүлийн үед бамбай булчирхайн хавдрууд нэлээн тохиолдож байна. Бамбайн хордлоготой, бамбай авахуулах мэс засал 300 гаруй хүнд хийгддэг, 500-гаад хүн ийм хагалгаанд орохоор үзлэг шинжилгээнд хамрагдаж байна. Одоо бид RFA буюу радио долгионы давтамжаар хавдрыг түлж эмчлэх арга нэвтрүүлж байна. Хагалгаа хийхгүйгээр эхо хяналт дор хийдэг арга технологи. Мөн элэгний жижиг хэмжээний хавдрууд бий. Энэ чиглэлийн мэс ажилбаруудыг нэвтрүүлээд байна.

-Жилд олон мянган хүнийг өвчнөөс салгаж, эрүүл болгож байгаа ч танай байгууллагын эмч нарыг буруутгах хандлага цөөнгүй гардаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-“Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог” гэдэг. Нэг хүний санамсаргүй алдаанаас болж энэ их хамт олны хөдөлмөр зүтгэлийг харлуулах нь зохисгүй юм. Мэдээж алдаа гаргахгүй хүн гэж байхгүй, эмч, эмнэлгийн мэрэгжилтнүүд санаатайгаар хүнд халтай зүйл хийхгүй шүү дээ. Мэдээллийг аль болох баталгаа, нотолгоотой, хэт нэг талыг барьсан биш байдлаар нийтэд мэдээлж байх нь зүйтэй болов уу гэж боддог.

О.БАЯРМАА: АРЬСЫГ ЦООЛЖ БУЙ АЖИЛБАР БҮХНЭЭС ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛТЭЙ

-Элэг ямар шалтгаанаас үүдэн өвчилдөг вэ?

-Элэгний өвчнийг үүсгэдэг шалтгаануудыг вирусийн болон вирусийн бус гаралтай гэж хоёр хуваадаг. Вирусийн шалтгаан гэхээр мэдээж элэг гэмтээгч В, С, Д вирусүүдийн тухай яригдана. А, Е гэх мэт вирусүүд элэгний архаг өвчин үүсгэдэггүй, хурц хэлбэрээр илрээд өнгөрдөг. Тиймээс архаг эмгэг болох элэгний архаг үрэвсэл, хатуурал  хавдар зэргийг үүсгэгч гол шалтгаан нь В, С, Д вирусүүд юм. Харин вирусийн бус шалтгаанд архи, эмийн болон химийн бодисууд, нийгмийн хөгжлөө дагасан амьдралын хэв маягийн өөрчлөлттэй холбоотой элэг өөхлөх өвчин, удамшлын болон бодисын солилцооны шалтгаанууд орно. Жишээ нь: зэс, төмөр биед хуримтлагдсанаас зарим төрлийн уургуудыг холбож байдаг, тодорхой хэмжээнд бодисын солилцоонд оруулж байдаг ферментүүд дутагдалтай хүмүүст элэгний эмгэгүүд үүсч болдог. Судлаачдын үзэж буйгаар манай улсад В вирусийн халдвар 9.8 хувьтай, С вирусийн халдвар 8.5 хувьтай байна.

-Ихэвчлэн ямар насны хүмүүст элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийгдэж байна вэ?

-Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг 60 хүртэлх насны хүмүүст хийж байна. Монгол Улсад элэг шилжүүлэн суулгуулсан шалтгааны 95 хувийг элэг гэмтээгч В, С, Д вирүсийн шалтгаант элэгний хатуурал, хавдар эзэлж байгаа бөгөөд 2015 оноос С вирүсийн эсрэг эмчилгээ нэвтэрсэнээр одоо В, Д вирүсийн шалтгаан зонхилж, 30-40 насныханд арай илүү хийгдэж байна.

-Монгол Улсын хүн амын 10-аас дээш хувь нь элэгний циррозтой гэдэг үнэлгээ байдаг юм билээ. Энэ өвчний оноштой хичнээн хүн хяналтад байна вэ?

-Энэ үнэн. Манай улсын 2018 оны статистик үзүүлэлтээр 19100 элэгний хатууралтай өвчтөн байна. Ер нь элэгний цирроз өвчин өвчлөл болон нас баралтаараа хоол боловсруулах эрхтний эмгэг дотроо тэргүүлэх байр эзэлдэг. Мөн элэгний хавдар өвчин өвчлөл, нас баралтаараа эрэгтэй, эмэгтэй хүйсэнд ялгаагүй нэгдүгээрт орж, дэлхийн дунджаас ес дахин өндөр буюу дэлхийд тэргүүлж байна. Дэлхий нийтээр элэгний эмгэгийн өвчлөл, нас баралт 2030 он хүртэл буурахгүй байх төлөвтэй байгаа тул ДЭМБ-аас вируст гепатитаас сэргийлэх, тэмцэх стратегийг боловсруулан гаргасан. Мөн Монгол Улсын төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэгт энэ асуудлыг авч үзэж, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Манай улсад В, С вирусийн идэвхтэй халдвартай 400.000, В вирүсийн халдвартай 200.000 хүний 65% нь Д вирүсийн идэвхитэй халдвартай байгаа тул  энэ вирусийн халдварыг яаж эрт оношилж, эмчлэх вэ гэдэг тал дээр ЭМЯ, төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд маш эрчимтэй ажиллаж байна. Эмч нарын сургалт, вирусийн эсрэг эм ба вирус тоолох шинжилгээний өртөгийг зөвхөн энэ хөтөлбөрт зориулсан ЭМД-ын санхүүжилтээр шийдсэн гээд маш олон ажил хийгдэж байгаа. Харин ард иргэд маань эрт илрүүлгийн шинжилгээндээ хамрагдах, вирус илэрсэн бол дараагийн шатны шинжилгээ, эмчилгээний хяналтад орох зэрэгтээ анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

-Элэг өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Элэгний эмгэгийн үед өвдөх шинж төдийлөн илрэхгүй. Зөвхөн элэг үрэвсч, томорсон үед л баруун сүврэгдсээр унжиж өвдөх шинж илэрнэ. Энгийн хэллэгээр шарласан хүүхдүүд түрүүлгээ хараад хэвтдэг нь томорсон элэг хөдөлгөөний үед унжирч өвддөгөөс болдог байх нь. Гол илэрдэг шинж нь маш их хэмжээгээр ядрах. Эрүүл хүнээс ялгаатай нь байнга сульдаад, хөдөлмөрийн чадвар нь буурч, үдээс хойш ажлын чадваргүй болох, нойр солигдох, өдөр унтах гээд, шөнө нойр хүрэхгүй, өглөө босоход амраагүй мэт санагдах зэрэг шинжүүдээр л илэрдэг.

-Элгээ өвчлүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөхгүй юү?

-Монголын Гастроэнтерологийн холбоо, Элэгний эмч нарын нийгэмлэг, эрүүл мэндийн байгууллагууд элэг гэмтээгч вирусийн халдвараас хэрхэн сэргийлэх, элэгний эмгэгтэй хүн ямар оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийлгэх зэрэг иргэдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд зохион байгуулдаг. Энэ хүрээнд хүмүүс вирусийн талаар тодорхой хэмжээний ойлголттой болж байна. Эхлээд илрүүлгийн шинжилгээнд заавал хамрагдах ёстой. Өөрөөр хэлбэл надад В, С вирус байна уу, үгүй юу гэдгийг нэг номерт үзүүл. Байхгүй бол В вирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах ёстой. Энэ вакцинжуулалтад хамрагдчихвал В вирусээр өвдөхгүй, дельтагийн халдвар авахгүй гэсэн үг. 1991 оноос хойш Монголд бүх төрж буй нярайд 24 цагийн дотор В вирусын эсрэг вакцинжуулалтыг хийдэг болсон. Ингэж гурван удаагийн тунгаа авчихсан хүүхдүүд В вирусээр өвдөхгүй. Судлаачид хэлж байгаа, 20 нас хүрсэн залуучуудын биед тогтсон дархлааны титр буураад байгаа үзүүлэлтүүд гарч байгаа гэж. Тэгэхээр ид залуу буюу 20-25 насны залуучууд дельта вирусийн халдвараар өвдөх нь нэмэгдэх гээд байна уу гэдэг хандлага бий. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ 20 нас хүрэх үед дархлааных нь титр ямар байгааг үзүүлээд, багассан бол дахин сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж болно. Харин 1990 оноос өмнө төрсөн хүмүүс заавал албан вакцинжуулалтад сайн дураараа өөрсдөө очиж орох ёстой. Гурван тунгаа заавал хийлгэх хэрэгтэй.

-Элэгний вирусүүд цусаар дамжиж халдварладаг гэдэг. Та хүмүүст юуг анхааруулж хэлэх вэ?

-В, С болон дельта вирусүүд бүгд цусаар дамжиж халддаг учраас аль болохоор арьсныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж байх ёстой. Өөрөөр хэлбэл арьсыг цоолж байгаа ажилбар болгоноос татгалзаж байвал зүгээр. Чих цоолох, энд тэндгүй шивээс хийлгэж байна. Огт хийлгэхгүй гэсэн үг биш. Эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмээ зөв баримталсан, шаардлагыг нь бүрэн хангасан газар нэг удаагийн багаж ашиглаад хийвэл аюулгүй шүү дээ. Эмэгтэйчүүдийн эмнэлэг ч бай, шүдний эмнэлэг ч бай ямар нэгэн мэс ажилбараар арьсыг чинь цоолж байгаа л бол тэнд халдвар хамгааллын дэглэм хэр байна вэ гэдгийг мэдэж байж үйлчлүүлэх ёстой. Ханиад хүрлээ, өвчин туслаа гээд хүмүүс тариа хийлгэх гээд байдаг. Шаардлагагүй тарилгаас аль болох татгалз. Зөв эмийг зөв цагт уувал эмчилгээ болдог. Хавар боллоо, ядраад байна дусал хийлгэе, эмнэлэгт хэвтье гэдэг бол буруу зуршил. Арьсыг чинь цоолж байгаа ажилбар бүхнээс халдвар авах эрсдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Байнгын эмчилгээ шаардлагатай. Жишээ нь, гемодиализын аппаратад орох зайлшгүй шаардлагатай хүн заавал вакцинжуулалтад хамрагдаж байж л дараагийн халдвараас сэргийлнэ гэсэн үг.  Яавал халдвар авахгүй байх вэ гэдгийг л анхаарах нь чухал.

-Та элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн. Саяхан Монголд анх удаа цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийгдлээ. Хүндрэл гарч байв уу?

-2019 онд цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийсэн. Энэ бол маш том технологи. Бэлтгэлийн хувьд, тухайн хүний биед байгаа цусны бүлэг өөрөө маш олон тооны антиген буюу эсрэг биеттэй байдаг. Тэр эсрэг биетийн эсрэг үүсэх хариу урвалыг бид түрүүлж дарангуйлж байж тухайн хүнээ хагалгаанд оруулдаг. Тэр бэлтгэл эмчилгээг элэгний эмч нар багаараа хийдэг. Бид тэр эмчилгээг хийгээд, шинээр өгөх гээд байгаа өөр бүлгийн цусны антигений эсрэг дархлааны урвалын олон улсын стандартад ямар байх ёстой тэр хэмжээнд нь аваачиж байгаад хагалгаагаа хийсэн. Өмнө нь дархлааг дарангуйлах эмчилгээ хийсэн, элэг авах гэж байгаа өвчтөнийхөө цусны сийвэнг солих плазмаферез эмчилгээг гурван удаа хийсэн.

-Ийм хагалгаа дэлхийн хэдэн оронд хийгддэг вэ?

-Элэг шилжүүлэн суулгах 1000-гаас дээш хагалгаа хийсэн цөөхөн улс орнуудад хийгддэг мэс ажилбар. Бидний багш нар маань Солонгос улсын Асан эмнэлгийнх, 5000 амьд донороос элэг шилжүүлэн суулгасан, цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэх хагалгаа хэдийнээ нэвтэрчихсэн. Бид багш нараасаа богино хугацаанд энэ технологид суралцсан.

-Одоо элэг шилжүүлэн суулгуулсан хүн, донор хоёрын биеийн байдал ямар байна вэ? 

-Өвчтөн маань эмнэлгээс гарсан. Биеийн байдал нь, сайн хяналтандаа явж байна.




Өнөөдөр бар өдөр

17 цагийн өмнө