Одоогоос 2 жил гаруйн өмнө буюу 2023 оны долдугаар сарын 4-5-нд шилжих шөнө нийслэлд хүчтэй аадар бороо орж, Улаанбаатар хотоор урсдаг голууд үерлэн хот усанд автсан байгалийн гамшигт үзэгдэл болж байсан билээ.
Улмаар голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны наймдугаар сарын 31-нд гарч, энэ дагуу Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулж байсан иргэн Д.Батзоригтын эзэмшлийн газрыг чөлөөлж, “S'Outlet” дэлгүүрийг нураахаар болсон байдаг.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэн "Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст 2,407 м.кв газрыг иргэн Д.Батзоригт эзэмшүүлсэн нь хууль тогтоомж зөрчиж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөн Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж, эд хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдал тогтоогдсон тул газар эзэмших эрхийг хүчингүй болгож байна.
Иргэн Д.Батзоригийн эзэмшил газар дээр баригдсан байгаа "S.Outlet" дэлгүүрийн барилгыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг хууль, тогтоомжийн дагуу ажлын хэсэгт даалгасан захирамж гарсан. Сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж, барилгыг нураах мэргэжлийн байгууллага шалгарсан өнөөдрөөс нураана" гэдгийг тодотгож, улмаар тус барилгыг албадан нураах ажлыг эхлүүлж байсан юм.
Тэгвэл "С Сайн" ХХК-ийн "S.Outlet" дэлгүүрийн барилгыг тендер зарлахгүйгээр, 3 тэрбум төгрөгөөр нураасан болох нь мэргэжлийн байгууллагын шалгалтаар илэрсэн байна.
Тухайн үед S.Outlet" дэлгүүрийн барилгыг хэдэн төгрөгөөр, ямар хуулийн этгээд буулгаж байгаа талаарх мэдээллийг албаныхан нууцалж байсан юм. Харин Дүнжингаравын ослын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 2.4 тэрбум төгрөгөөр буулгах ажлыг эхлүүлэх үеэр Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн захирал Ц.Болд "Бидний хувьд өмнө нь “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төв, “S outlet” зэргийг буулгаж байсан туршлагатай” гэдгийг онцолж байжээ.
Үүнээс үзвэл, Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн газар нь 3 тэрбум төгрөгөөр “S outlet”-ийн барилгыг буулгасан аж. Харин ямар учраас 3 тэрбум төгрөгийн "ажлыг тендер зарлахгүйгээр" дээрх байгууллагад өгч, ийм өндөр өртөгөөр барилгыг буулгав гэдэг нь анхаарал татаж буй юм.