Т.Учрал: Эх орондоо өндөр цалин авах боломжтойг мэдээд 18 насандаа краны оператор мэргэжил эзэмшиж, гурав дахь жилдээ ажиллаж байна

Т.Учрал: Эх орондоо өндөр цалин авах боломжтойг мэдээд 18 насандаа краны оператор мэргэжил эзэмшиж, гурав дахь жилдээ ажиллаж байна

Isee.mn сайт энэ удаагийн “Social ID” буландаа 18 насандаа краны оператор мэргэжил эзэмшиж, тууштай хөдөлмөрлөж буй Т.Учралыг урилаа. Залуучуудын дунд гаднын улс орныг зорьж байж л амьдрах мэт хандлага их болсон. Харин Т.Учралын хувьд эх орондоо ажиллаад өндөр цалин хангамж аваад ажиллах, амьдрах боломж байгааг олж хараад сурагчийн ширээнээс ажлын ширээнд шилжжээ.

ВИДЕО:

"АНХНЫ ЦАЛИН АМТТАЙ БАС ҮРЭХЭД ХАЙРАН САНАГДСАН"

-Урилга хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Т.Учрал гэдэг. Би одоо 21 настай. Краны оператор мэргэжил эзэмшиж гурав дахь жилдээ ажиллаж байгаа.

-Аль нутагт төрж өссөн бэ. Яагаад сурагчийн ширээнээс ажлын ширээнд байранд гарах шийдвэр гаргах болов?

-Би Дархан-Уул аймгийн харьяат хүн. Есдүгээр ангиа төгсөх хүртлээ аймагтаа сурч байгаад хотод ирсэн. Ингээд хотод 12 жилээ төгссөн. Ажлын талбарт гарах шийдвэр энгийн. Ер нь бол ЕБ-ын сургуулиа төгсөөд гадагшаа явж сурах төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ заавал гаднын улс орныг зорих шаардлагагүй, эх орондоо өндөр цалин авах боломжтой байгааг олж харсан. Бас нөгөө талд манай үеэл ах эгч хоёр энэ мэргэжлээр маш олон жил ажилласан хүн байдаг. Тийм болохоор краны оператор мэргэжлийн талаар нэлээн суурь ойлголттой, бас сонирхолтой байсан.

"АМАРХАН АЖИЛ ГЭЖ ҮГҮЙ"

-Мэргэжлээ хаана, хэрхэн эзэмшсэн бэ?

-Сургалтын төвд 45 хоног сургалтад суусан. Дараа нь мэдээж шалгалт өгөөд мэргэжлийн үнэмлэхээ авч байсан. Ер нь хүн харахад их амархан, гоё харагддаг юм шиг байгаа юм. Гэхдээ маш их анхаарал, хариуцлага шаарддаг мэргэжил. Ер нь би амархан ажил байдаггүй гэж боддог. Бүгд л хэцүү, өөр өөрийн онцлогтой.

-Дадлага хийж байгаад анхны ажлын байран дээр гарах ямар байсан бэ?

-Багштайгаа хамт дадлага хийгээд явж байхад бол сэтгэл тайван байдаг юм билээ. Харин ганцаараа бие дааж ажиллах болоход их эмээсэн. Чадах болов уу гэх айдас байгаад байсан. Тэгээд л бага багаар дассан байна. Ажлын хамт олны маань уур амьсгал бас их нөлөөлсөн гэж боддог. Хэрэв намайг маш сөргөөр хүлээж аваад урмыг минь хугалж, муухай үг хэлээд байсан бол би шантарчих байсан байх.

"БИЕ ДААСАН МУНДАГ ЭМЭГТЭЙ БОЛОХЫГ ХҮСДЭГ"

-Чиний энэ шийдвэрийг аав нь хэрхэн хүлээн авсан бэ?

-Би айлын ганц охин. Ганц охиноо ийм ажил хийнэ гэхээр аав их гайхсан. Тэгээд миний охин чадах юм уу гэж анх хэлсэн. Тэгээд ажил хийж эхэлсэн эхний хэд хоног өдөржин л над руу залгадаг байлаа. Харин одоо бол дассан. Ер нь аав минь намайг бүх зүйлээр дэмжиж, хайрладаг. Миний охин ухаантай юм чинь мэдэж байгаа даа гэдэг. Итгэл их үзүүлдэг гэх үү дээ.

-Анхны цалингаа авах мэдрэмж ямар байв.

-18 настай анхны цалингаа авахад итгэж чадахгүй байсан. Энэ их мөнгө минийх юм байх даа л гэж бодсон. Мэдээж, их баярласан. Тэгээд хөдөлмөрлөж олсон мөнгө амттай, үрэхэд аймаар хайран санагдаж байсан. Тухайн үед өөртөө нэг үнэтэй цамц зориулж авч байснаа санадаг.

-Ажлын онцлог ямар бол. Ер нь юу нь хэцүү санагддаг вэ?

-Манай ажил цаг агаарын нөхцөл байдлаас хэт хамааралтай байдаг нь хэцүү санагддаг. Салхи гарахаар кран салхинд хөдөлж эхэлдэг. Гэхдээ мэдээж, салхи 12 м.секундээс их үед ажилладаггүй. Энэ мэт цаг агаараас хамааралтай. Харин сууриас нь эхэлсэн барилга давхар, давхраараа нэмэгдсээр сүндэрлэж байгаа нь маш гоё санагддаг. Бас бүх зүйлсийг дээрээс нь харах маш сонирхолтой байдаг.

"АЖИЛДАА СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛЖ, ДУРЛАЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ"

-Ажлаа хийгээд явж байх үед хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

-Намайг анх харсан хүмүүс эхэндээ их гайхдаг. Кранаасаа буух үед хүүе ийм жоохон охин байсан юм уу гэж хэлдэг. Ер нь их гайхаж хардаг.

-Ер нь цаашдын зорилго, мөрөөдлөө бидэнд хуваалцаач.

-Мэдээж миний мэргэжил маш гоё. Гэхдээ цаашид инженер мэргэжил эзэмших бодолтой байгаа. Бас би мөрөөдөх их дуртай.  Багаасаа ажилласан учир 30, 40 настай Т.Учралыг арай өөрөөр төсөөлж байгаа. Арай өөр түвшинд очих байх гэж найдаж байна. Хэн мэдэх билээ нэг том компанийн захирал болчихсон сууж байх ч юм билүү. Ер нь бие даасан мундаг эмэгтэй болохыг хүсдэг.

-Сүүлийн үед хүүхдүүд бүгд хуульч, эрх зүйч гэдэг мэргэжлийг сонгодог болсон. Нөгөө талд хүний нөөцийн асуудалд орж буй олон салбар байна. Бүгд л амар, хөнгөн аргаар мөнгө олохыг хүсэж байгаа харагдаж байна. Чи энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Тийм ээ. Үеийн хүүхдүүдээ харахаар маш их зугаа цэнгэлд цаг хугацаагаа зориулж байгаа санагддаг. Гэхдээ маш хичээнгүй мундаг хүүхдүүд бий. Миний мэргэжлийг хараад үеийн залуус маш амархан юм шиг ярьдаг. Гоё юм аа, өдөржин суугаад гэж хэлдэг. Гэхдээ өдөржин сууна гэдэг хүртэл тэвчээр шүү дээ. Миний мэргэжил маш их хариуцлага шаарддаг. Нэг л буруу үйлдэл хийх юм бол маш олон хүний амь нас яригддаг. Тэгэхээр залуустаа ажилдаа сэтгэлээ зориулж, дурлаж хийгээрэй л гэж уриалах байна.