Төрийн байгуулалтын байнгын хорооны баасан гараг /2025.10.10/-ийн хурлаар “Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах” асуудлыг хэлэлцэж байтал ажил тарах 18:00 цаг болсон тул Даваа гараг /2025.10.13/-т үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж тарсан юм. Харин өнөөдөр уг хурлыг 11:00 цагаас үргэлжлүүлэх тов гараад байсан ч "Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн ирц хүрээгүй" гэсэн шалтгаанаар хурлыг хаасан юм.
“Албан тушаалын томилгоо” болохоор парламентын ирц 100 хувьд хүрч өдөр, шөнө харгалзахгүй хуралдаад ард нь гардаг улс төрчид хэзээ ажил тарах цагт баригддаг болчхов гэсэн гайхширлыг төрүүлж буй. Нөгөөтэй Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир болоод Ж.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, Ч.Номин, Б.Баярбаатар, О.Саранчулуун, Л.Мөнхбаатар, Э.Болормаа, Ц.Идэрбат, А.Ариунзаяа нарын гишүүд нь бүгд "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах" бичигт гарын үсэг зурсан Д.Амарбаясгалангийн талын хүмүүс. Гэтэл яагаад Д.Амарбаясгалангийн талын гишүүд яагаад хурлыг зогсоож, тараах болов гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Тэгвэл Д.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс өнгөрөгч амралтын өдөр Г.Занданшатартай уулзаж, "УИХ-ын даргыг огцруулах бичгээ татаад авчих, бид Ерөнхий сайдыг огцруулах бичгээ татаж авъя. Ингээд цаашид эвтэй, найртайгаар ажлаа үргэлжлүүлж хийе" гэсэн саналыг тавьсан байна. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар "үгүй" гэсэн хатуу байр суурийг илэрхийлжээ.
Учир нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нэр холбогдоод буй "нүүрсний асуудал"-аа албан тушаалаасаа түдгэлзэж байгаад шалгуулах шаардлагыг УИХ-ын олон гишүүд гаргаад байсан юм. Гэтэл Д.Амарбаясгалангийн талынхан "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах" бичгийг парламентад өргөн барьсан. Иймд парламентын 67 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичигт гарын үсгээ зурж, өргөн барьсан юм. Товчхондоо, улс төрд үүсээд буй асуудлыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талынхан өрдсөн гэхэд болно.
Харин эцэстээ, Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарт буулт хийж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичгээ татаж авбал бид ч Засгийн газрыг огцруулах бичгээ татаж авъя" гэсэн тохиролцоог хийхээр Их тэнгэр, Төрийн ордноор гүйлдэж эхэлсэн байна. Харин нөгөө талд "монголын төр Д.Амарбаясгалан нарын тогтоом уу" гэсэн шүүмжлэл гарч ирж байгаа юм. Учир нь 2026 оны Улсын төсөв хэлэлцэж буй энэ цаг үед төрийн ажил үндсэндээ зогсоод байгаа юм.