Г.Дамдинням: Өчигдрийн ирцээ хаагаад шинэ ирцээр хуралдаанаа эхлүүлэх ёстой. Гишүүд хууль зөрчсөн хуралдаанд оролцохгүй байх бүрэн эрхтэй

Г.Дамдинням: Өчигдрийн ирцээ хаагаад шинэ ирцээр хуралдаанаа эхлүүлэх ёстой. Гишүүд хууль зөрчсөн хуралдаанд оролцохгүй байх бүрэн эрхтэй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

ВИДЕО: 

Тэрбээр, "УИХ-ын үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн асуудал үүсэж байгаа учраас хуулийн хүрээнд асуудлуудаа шийдье. Эцэг хууль болох Үндсэн хуулийг зөрчвөл иргэдэд найдах зүйл үгүй болж, ардчилалд аюул учирна. Нэгдүгээрт, өнөөдөр өглөө 10:00 цагт эхлүүлэх гээд байгаа хурал хууль бус. Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 6-р зүйлд хуралдааны тов, дараалал тогтооход баримтлах журам гэж бий. Үүний 6.2-т зааснаар нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралдана. Гишүүд өглөөний 09:00 цагаас ирцэнд бүртгүүлнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан дуусгаагүй бол гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно. 6.3-т ажлын зайлшгүй санал гаргавал зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга энэ хурлыг 6.2-т зааснаас бусад ажлын өдөрт хуралдуулж болно гэж заасан. Иймд өчигдөр хуралдаан эхлээгүй. Одоо явж байгаа ирц нь пүрэв гарагийн ирц. Үүнийг хаагаад баасан гарагийн ирц нээгдэх ёстой. Шинээр ирц бүрдүүлж байж хурал эхлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, ирц бүрдээгүй байгаа хуралдааныг сунгаж байгаа нэрийдлээр гишүүдийг янз бүрээр дуудсан асуудал үүсэж байна. Үүн дээр ёс зүйн асуудлууд яригдана. Мөн Х.Булгантуяа гишүүний хурал удирдж байгаа асуудлаарх цэцийн маргаан үүссэн. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хуулийн 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүссэн байгаа. 43.1 гэдэг нь Ерөнхий сайдыг огцруулахад хэрхэн санал хураах вэ гэдэг асуудал. Ерөнхий сайдтай холбоотой санал хураалт явуулахдаа Үндсэн хуульд заасан “Ерөнхий сайдыг огцруулья” гэсэн томьёоллоор санал хураах шаардлагыг тавьж байгаа. Үндсэн хуулийн тодоохой заалтыг илт зөрчих гэж байгаа бол чуулганы хуралд оролцохгүй байх бүрэн эрхтэй. Энэ эрхээ эдэлж байгаа гишүүдийг элдвээр хэлэхээ боль. Ирцийг шинээр эхлүүлэхгүй бол энэ хурлаас гарсан шийдвэр хууль бус болно. Энд унаж босох асуудал байхгүй. Үндсэн хуулийн дагуу ажлаа явуулья” гэлээ.