Өндөр насны тэтгэвэр авагч нас барснаас хойш түүний гэр бүлийн хүн нь тэтгэврээ нэмэгдүүлэх эрхтэй гэж Улсын дээд шүүх үзэж, энэ талаарх хэргийн тойм мэдээллийг Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч бичжээ.
Тус мэдээлэлд "Нэхэмжлэгч Ж.У-өөс Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “нас барсан эхнэрийнх нь тэтгэврийн 20 хувийг өөрт нь нэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэмэгдэл тэтгэвэр олгохыг даалгах” шаардлагыг захиргааны хэргийн шүүхэд гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 болон уг хуулийг хэрэгжүүлэх зөвлөмжийн дагуу тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх шаардлагатай, иргэн Ж.У нь эхнэр Ц.С-ыг нас барах үед өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй байсан тул хуулийн шаардлага хангахгүй” гэж маргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль үйлчилж эхэлснээс хойш нас барсан өндөр насны тэтгэвэр авагчийн нөхөр, эсхүл эхнэр нь өндөр насны тэтгэврээ нэмэгдүүлэх эрхтэй болжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ” гэснийг үг зүйн, системчилсэн, түүхчилсэн буюу хууль тогтоогчийн хүсэл зоригийг тодруулах аргаар тайлбарлахад хуулийн уг зүйл, заалтыг “өндөр насны тэтгэвэр авагч нас барах үед түүний нөхөр, эсхүл эхнэр нь мөн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх ёстой” гэх агуулгаар тайлбарлах боломжгүй байна.
Иймд хуулийн зорилгоор нь буюу “объектив телеологи”-ийн аргаар тайлбарлавал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн зорилго нь нас барагчийн нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх буюу үргэлжлүүлэн олгоход чиглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, уг хуулийн зорилго нь “гэр бүлээ бүртгүүлж, 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байх” гэсэн (9.1.1-9.1.2 зүйл) хуульд заасан шаардлагыг хангасан нас барагчийн нөхөр, эсхүл эхнэр нь өөрөө хуульд заасан шаардлагыг хангаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд тэтгэврээ нэмэгдүүлэх боломжийг олгосноос бус цаг хугацааны хувьд хэзээ өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь (тухайлбал гэр бүлийн хүн нь нас барахаас өмнө нь эсхүл хойно нь) ач холбогдолгүй, энэ нь хуулийн зорилгод хамааралгүй юм.
Нэхэмжлэгч Ж.У нь иргэн Ц.С-тай гэрлэлтээ бүртгүүлж, 35 жил хамт амьдарсан. Эхнэр Ц.С нь 3 жил орчим өндөр насны тэтгэвэр авч байгаад нас барсан байх бөгөөд үүнээс хойш 3 сар хагасын дараа нөхөр Ж.У нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь дээрх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь өөрийн эхнэрийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл тэтгэвэр авах эрхтэй гэж Улсын дээд шүүхээс хуулийг тайлбарлалаа" гэсэн байна.