"10 тэрбум долларын алдагдалтай" гэрээг шалгах Ж.Баярмаагийн түр хороог Л.Оюун-Эрдэнэ булааж, "Ухаа худгийг шалгах" хороо байгуулж, урьджээ

"10 тэрбум долларын алдагдалтай" гэрээг шалгах Ж.Баярмаагийн түр хороог Л.Оюун-Эрдэнэ булааж, "Ухаа худгийг шалгах" хороо байгуулж, урьджээ

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдрөөс "Төмөр замын хил холболтын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл"-д гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Учир нь Хятадын Харбин хотод байгуулсан Засгийн газрын уг гэрээгээр Монгол Улсад 10 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж буй. 

-"ХАРБИНЫ ГЭРЭЭГ ШАЛГАЯ" ГЭХЭД СӨРЖ "УХАА ХУДАГ"-ИЙН АСУУДЛЫГ ШАЛГАХ ТҮР ХОРООГ БАЙГУУЛАВ

Тэгвэл хуулийн дагуу 32-оос доошгүй гишүүн дэмжиж гарын үсэг зурвал түр хороо байгуулах эрх нь нээгдэх бөгөөд "Энэ тоондоо хүрсэн. Удахгүй УИХ-ын Тамгын газарт албан бичгээ өргөн барьж, 2025 ондоо багтаан сонсгол хийхээр тооцоолж байна" гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар мэдэгдсэн юм. Тодруулбал, тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын Харбин хотод байгуулсан “Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын гэрээ”-г шалгах талаар хөндсөн нь энэ юм.

Гэтэл тэдний араас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Ухаа худаг"-ийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулахаар санаачилж, 32 гишүүний  дэмжлэгийг авч энэ сарын 06-ны өдөр /2025.10.06/ олон нийтэд мэдэгдэлгүйгээр чимээгүй УИХ-д өргөн барьжээ.

Уг тогтоолд,

  • Тавантолгойн бүлэг ордод хамаарах Ухаа худаг тусгай зөвшөөрлийг ашиглаж байгаа үйл явц хуульд нийцэж буй эсэх
  • Тавантолгойн бүлэг ордод хамаарах оффтейк гэрээнүүд хууль тогтоомжид нийцсэн эсэх
  • Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Ухаа худгийн орд ашиглалтын мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийх гурван зорилготой гэж бичжээ. Л.Оюун-Эрдэнийн санаачилсан эл тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Д.Жаргалсайхан, Ц.Идэрбат, Г.Лувсанжамц, М.Мандхай, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Ч.Номин, О.Номинчимэг, Н.Номтойбаяр, Г.Очирбат, П.Сайнзориг, М.Сарнай, Б.Тулга, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, Ө.Шижир, М.Энхцэцэг, Р.Эрдэнэбүрэн нар дэмжиж гарын үсэг зурсан байна. 

-УИХ-ЫН 28.6-Т ЗААСНЫ ТУХАЙН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ХОЁР Л ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ УЧИР Ж.БАЯРМАА НАРЫН ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛӨӨ ӨРГӨН БАРИХ БОЛОМЖГҮЙ БОЛОВ-

Тэгвэл дээрхээс гадна УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна.

Нэгэнт Л.Оюун-Эрдэнэ, О.Батнайрамдал нар түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барьсан учир Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28.6-т заасан “Тухайн ээлжит чуулганы хугацаанд хоёр хүртэл хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан хянан шалгах түр хороо байгуулах саналыг дараагийн ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэнэ” гэсний дагуу Ж.Баярмаа нар түр хороо байгуулах тогтоолын төслөө өргөн барих боломжгүй болж байна.

Харбины гэрээний гол нөхцлийг эхэлж тохирох үед “Биржийн үнээр нүүрс худалдан авахад бэлэн байна, гагцхүү 5-хан хувийг хямдруулаачээ” гэж айлын тал хүссэн гэх мэдээлэл байдаг. Түүнийг нь Монголын тал хүлээн зөвшөөрч, биржийн үнэ 100 ам.доллар байхад 95 ам.доллараар нүүрсээ зарах боломжтой байсныг хэзээд 50 ам.доллар болж буурсан асуудлын хариултыг олох ёстой. Магадгүй 55 ам.доллар гэж тохирсныг 65 ам.доллар буюу нэг тонн тутамд 10 ам.доллар нэмж, нийт 250 сая тонн гэдэг чинь 2.5 тэрбум ам.долларын ашгийг олж болно гэж Ж.Баярмаа нарын гишүүд хэлж буй. Үүнээс харвал Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь хийсэн Харбины гэрээг УИХ дээр шалгахаас өмнө өрсөж,  “Ухаа худгийн ордыг шалгах түр хороог” яаран байгуулсан байх магадлалтай байна. Үр дүнд нь Ж.Баярмаа, Д.Ганбат нарын гишүүд түр хороогоо булаалгаж, Харбины гэрээг шалгах боломж нь хойшилжээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө