Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал гардуулах 6 дахь удаагийн ёслолын үйл ажиллагаа 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Тайландын Хаант Улсад зохион байгуулагдаж байна.
Тайландын гүнж Маха Чакри өөрийн нэрэмжит сангаар дамжуулан зүүн өмнөд Азийн орнуудын боловсрол, хүний хөгжил, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад хувь нэмэр оруулах зорилготой хамтын ажиллагаатай улс орнуудын сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийг урамшуулах, тэдний гавьяа зүтгэлийг нь алдаршуулах, багшийн мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, боловсролын салбарт олон улсын харилцааг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Зүүн өмнөд Азийн орнуудын дунд 2015 онд Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорны мэндэлсний 60 жилийн ойг тохиолдуулан гүнжийн нэрэмжит шагналыг бий болгож, багшийн хичээл зүтгэл, үндэсний болон олон улсын боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн багшийг сонгон шалгаруулж эхэлсэн.
Маха Чакри гүнжийн нэрэмжит шагнал нь багшлах шилдэг туршлагыг сурталчлах зорилготой шавь нарынхаа амьдралыг илүү сайн болгож, тэднийг төлөвшүүлэх, өөрчлөхөд бүхнээ зориулж буй болон өөрийн улс орны боловсролд хувь нэмрээ оруулсан багш нарт олгодог олон улсын нэр хүндтэй шагнал юм. Бруней Даруссалам, Камбож, Индонез, БНАСАУ, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Зүүн Тимор, Вьетнам, Тайланд зэрэг улсын шилдэг багш нарт хоёр жил тутамд уг шагналыг олгодог ба 2025 оноос эхлэн тус шагналын хамрах хүрээг өргөжүүлж, анх удаа Бангладеш, Бутан, Монгол Улсын багш нар багтсан байна. Улмаар өчигдөр 14 орны шилдэг багш уг хүндтэй шагналыг гардан авсан ба Монгол улсаас шалгарсан Энэрэл мэргэжлийн боловсролын сургуулийн багш А.Уянга эрхэмсэг гүнжийн нэрэмжит шагналыг гардан авлаа.