Б.Болор-Эрдэнэ: Үндсэн хуулийг зөрчсөн саналын томъёоллоор, эзгүй гишүүдийг тоолох байдлаар Засгийг огцруулах "хор"-ыг найруулсан байна

Б.Болор-Эрдэнэ: Үндсэн хуулийг зөрчсөн саналын томъёоллоор, эзгүй гишүүдийг тоолох байдлаар Засгийг огцруулах "хор"-ыг найруулсан байна

МАН-ын дотоод хагарал, тэмцэл явсаар улс орны хямрал руу түлхлээ. Засгийн газрыг огцруулсан өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаан Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг гишүүд хоёр талаас өөрсдийнхөөрөө, дур зоргоороо тайлбарлаж, иргэдэд ойлгомжгүй байдал үүсгэж буй. Энэ асуудлыг хэлэлцэх гол институц буюу Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болох гэж байна. Иймд бид энэ асуудлын талаар улс төрийн процесст анализ, дүгнэлт хийдэг нийтлэлч, орчуулагч Б.Болор-Эрдэнэтай ярилцлаа.

ВИДЕО:

-Сүүлийн үед хуваагдаж болох бүх л зүйл хоёр хуваагдлаа. Иргэд хүртэл хоёр тал болсон байна. Өөрөөр хэлбэл МАН-ын хагарал улсын хямрал болж байна гэж хараад байгаа юм л даа. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Тийм. Ардын нам хуваагдаад байна уу, эсвэл зарим хүмүүс үндэсний эрх ашгаас гараад явчихав уу гэдэг асуудал нэлээд хүндрээд, Үндсэн хуульдаа халдах маягтай болсон учраас маргааш Цэцийн их суудлын хуралдаан хуралдах гэж байна. Тэгэхээр зарим хүмүүс энэ процессыг санаа, зорилготойгоор хүн ойлгохын аргагүй болгож хувиргасан учраас сүүлдээ бүр хуулийнхаа зүйл заалтын маргаан руу ороод байгаа юм. Бид нар Монгол Улсын иргэд, татвар төлөгчид. Үндсэн хууль зүгээр нэг Засгийн газрын ордон, улс төрчид, хуульчдын дундын маргааны ширээн дээрх материал биш. Энэ бол бидний дундын нийтлэг зүйл. Тэр дундаа Үндсэн хууль доторх үг, үсэг, өгүүлбэрийг тайлбарлахад анх тэр заалтыг хэлэлцсэн үеийн процесс, протокол, авторуудын санаа зорилго буюу том ай саваар нь бүхэлд нь Үндсэн хууль гэж үзэж, тайлбарлаж, хамгаалж явдаг. Үндсэн хуулийн 43 дугаар тогтоол буюу Засгийн газрыг огцруулахдаа нийт гишүүдийн 1/4-ээс доошгүй гишүүдийн саналаар тогтоол оруулж, нийт гишүүдийн олонхоос дээш хувь нь дэмжиж байж тэр тогтоол батлагдана гээд заасан байгаа шүү дээ. Ор тас орхигдчхоод байгаа энэ заалт гэхэд л зүгээр нэг заалт биш. 2019 онд энэ заалт батлагдсан. Дөнгөж зургаахан жил өнгөрч байгаа. Тухайн үед энэ хуулийг ямар санаа, зорилгоор өөрчилж, хэлэлцэж байсныг гэрчлэх бүх гэрчүүд нь өнөөдөр амьд мэнд байж байна шүү дээ. Би амьд байна. Тухайн үеийн парламентын гишүүд, сэтгүүлч та гэх мэт гэрчүүд амьд сэрүүн сууж байна.

Гүйцэтгэх засаглалын тогтворгүй байдал, Засгийн газрын дундаж нас, бодлогын залгамж халаа болохгүй байна гэж тал талаас дуу нэгтээ хэлэлцээд, Засгийн газрыг парламентаас, лоббигоос харьцангуй бие даасан, Ерөнхий сайдын кабинетынхаа өмнө хүлээх үүргийг нэмэгдүүлэх зэрэг санаа зорилго нь ойлгомжтой бичигдсэн.

Зөвхөн 1990-ээд оноос хойш ч биш манай түүхийн туршид засаглалын хугацаа богино байсаар ирсэн байдаг. Энэ түүхэн алдаа, оноогоо дэнслээд монголчууд бүгд, судлаачид, улс төрчид, иргэний нийгэм ч оролцож, тал талаас хэлэлцээд алдаагаа засаад явья гэдэг зорилгоор бичсэн. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ монголчуудын сая дурдсан хүсэл эрмэлзэл дотор бичигдсэн Үндсэн хуулийн хамгаалалт дотор 4-5 жил тогтвортой засагласан. Магадгүй түүнээсээ болж төөрөгдөлд ороод, үүрд тэр хэвээрээ явж болох юм шиг, санаан зоргоороо зүйлс хийж байсан нь гарч ирж байна л даа. Гэтэл дараагийн Засгийн газрын хувь заяаг шийдэх гэхэд “өөрийг нь хамгаалж байсан тэр заалт хамаагүй, түүнээс 20 жилийн өмнөх хуучин зохицуулалтаар явна” гэдэг санаархлаар үгсэн хуувилдсан маягтай акц хийж байна. Тэгэхээр зориудаар акц хийгээд асар ойлгомжгүй процесс болгоод хаячхаж байгаа болохоос биш Засгийн газрыг огцруулах эсэхийг зохицуулж буй Үндсэн хуулийн заалт нь, түүнийг бичсэн санаа зорилго нь, түүнийг хэрэгжүүлж буй процесс нь тийм хүнд ойлгомжгүй, ярвигтай зүйл биш. Хууль ил тод, тунгалаг байх зарчим нь бүх ард түмэнд ойлгомжтой байх, түүнийг ойлгомжтойгоор хэрэгжүүлж сахин хамгаалж байх процессыг л эцэст нь тултал алдагдуулсан, завхруулсан учраас өвөл хаяанд тулчихсан энэ үед Үндсэн хуулийнхаа түвшинд маргаан үүсээд, маргааш хуралдах гэж байна шүү дээ.

-УИХ-ын гишүүд хоёр талд гарчихаад өөр өөрсдийнхөөрөө хуулийг тайлбарлаад байна. Та улс төрийн процесст анализ хийдэг хүний хувьд алиных нь зөв гэж харж байгаа вэ?

-Манай парламент П.Сайнзориг гэдэг эрүүл эсэх нь үл мэдэгдэх нэг хүнтэй болчхоод байна. Энэ хүн УИХ-аас Засгийн газрыг огцруулах тогтоол баталсан процесс дэг зөрчсөн ч юм уу, хоригт орж байгаа бол Д.Амарбаясгаланг огцруулсан тогтоол бас адилхан хоригт орох ёстой гэдэг зүйлийг яриад байна лээ. Энд хоёр зүйл бий. УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд гэхчлэн Үндсэн хуулийн гэгддэг институцуудын хоорондын харилцааг зохицуулж байгаа Үндсэн хууль гэдэг зүйл нь хамгийн гол нь Үндсэн хуулийн хянлат, тэнцэл, гүйцэтгэх засаглалын тэргүүн, түүнийг огцруулах процесс өөрөө зарчмын дагуу явагдах уу, УИХ буюу хууль тогтоох байгууллага болон Засгийн газар буюу бодлого хэрэгжүүлэх төсөв зарцуулах институц хоорондын харилцаа нь Үндсэн хуулийн заалтын дагуу явж байна уу гэдэг энэ маргаан цэц рүү очиж байна.

Харин УИХ гэдэг байгууллага дотроо “хэнээр даргалуулах вэ” гэдэг нь өөр асуудал. Тэр дарга нь би өөрөө огцоръё гэдэг бичгээ оруулж ирээд огцрох хүсэлтийг нь дотроо хэлэлцээд, байсан ирцээрээ шийдсэн асуудал бол ач холбогдлын түвшнээрээ ч, процессынхоо хувьд ч цэц дээр очих хэмжээний маргаан дэгдэхээр зүйл биш.

Хоёрдугаарт, төрийн бодлого үр дүнтэй хэрэгжих нэг шалгуур үзүүлэлт, процесс ойлгомжтой, хялбар, ил тод байх шаардлага тавигдаж байдаг. Гэтэл Засгийн газар огцруулна гээд гарын үсэг зурчихсан байсан хэсэг бүлэг нөхөд өөрсдөө нэг байнгын хороон дээр үүрлэсэн маягтай, өөрөөр хэлбэл УИХ-ын нэг байнгын хороон дотор нүүрсний фракц маягтай үүрлэнэ гэдэг нь төрийн эрхэнд тодорхой хэмжээгээр нөлөөлөх зорилготой үйлдэл гэж харагдаж байгаа. Ингээд гаргасан саналаасаа эсрэг санал өгөөд “дэмжихгүйг дэмжих” саналын томъёоллоор санал хураагаад байхгүй гишүүдийг тоолно гэдэг бол цаашдаа өөр хуцулийн төсөл орж ирсэн ч манай үндэсний аюулгүй байдалд хүртэл халтай байх хэмжээний муухай практикийг “хор найруулж” оруулж ирлээ шүү дээ. Өнөөдөр бид хүмүүстээ төвлөрөөд энэ сайд, тэр дарга гээд ярьж байна. Гэтэл газар нутгийн маргаан болбол яах вэ. Өөр хоорондоо ашиг сонирхлын хэлхээ, холбоо бүхий явцуу бүлэглэлтэй байнгын хороогоор санаа зорилготой тогтоол оруулчхаад түүнийгээ Үндсэн хуулийн зүйл заалтын эсрэг, эзгүй гишүүдийг тоолох замаар батлаад явдаг байж болох уу. Энэ асуудал бол уламжлалт төрт ёсны ч эсрэг, орчин цагт бий болгох гээд хичээгээд байгаа эрх зүйт, ардчилсан, парламентын бүхий л зарчмын эсрэг хуйвалдааны шинж чанартай процесс болж байгаа учраас үүнийг Үндсэн хуулийн манаач нар харж, шүүж тунгааж, үндэсний эрх ашгаа хамгаална гэдэгт итгэж байна. Ийм практик үүсээд, түүнийг нь хэлэлцээд байна гэдэг л манай төрт ёс, түүний оршин тогтнохуйд хор хийж байна гэсэн үг.

-2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт засаглалыг илүү тогтвортой байлгахад чиглэсэн. Харин байгуулагдаад 100 хонож байгаа энэ Засгийн газарт хариуцлага тооцох гэдэг асуудал яригдах уу. Та үүнийг хэрхэн харж байгаа бол?

-Засгийн газар 100 хононо уу, 1000 хононо уу огцруулж болно. Гол нь үндсэн хуулийнхаа зүйл заалтын дагуу шийдвэрээ гаргаад явах юм бол боломжгүй зүйл биш. Үндсэн хуулийн байгууллага хоорондын зүй ёсны процессоороо дамжуулаад явах юм бол нэгэнт бид чинь төлөөллөөрөө дамжуулаад засаглалаа хэрэгжүүлэх ёстой учраас бүр байж болохгүй гэсэн асуудал байхгүй. Хамгийн гол нь өнөөдөр явж байгаа процесс Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болно гэх асуудлаас л хурцадлаа шүү дээ. Тэр хүнийг Хууль зүйн сайд болгохгүй байх бүхий л аргыг эрэлхийлж, зогсоох улс төрийн сэдэлтэй, хулгайн сэдэлтэй, хулгайгаа бүр даамжруулах замаар Үндсэн хуулийг, төрт ёсны зарчмыг дээрэмдэх, доромжлох байдлаар яваад байгаа нь л асуудал. Тэгэхээр үнэхээр илүү сайн засаглал, илүү үр дүн, үзэл санаагаар бодлого хэрэгжүүлэх гээд төрөөс дэмжлэг аваад, үүнийгээ Үндсэн хуулийн дагуу, үзэл баримтлалаар нэгдсэн гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулаад явбал огт өөр хэрэг.

-Засгийн газрыг огцруулсан тогтоол Үндсэн хууль зөрчсөн гээд Ерөнхийлөгч хориг тавьчихлаа. Таны хувьд Ерөнхийлөгчийн хоригийг юу гэж харж байна вэ?

-Нийт ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг гэх институцээс хориг орж ирэх нь өөрөө эУИХ-ын процессыг шүүн батлах, зарчмын асуудлуудыг дахин хэлэлцүүлэх зохицуулалт юм л даа. Ийм алхам орж ирэх нь ойлгомжтой л асуудал байсан.

-Ярилцсан танд баярлалаа.