Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон Чингис хаан Үндэсний музей хамтран хэрэгжүүлэх “Музейн дижитал контент хөгжүүлэлт, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх” төсөл нээлтээ хийлээ.
Энэхүү төсөл нь Монгол Улсад 1990 оноос хойш соёл, хүмүүнлэгийн салбарт хэрэгжиж буй хамгийн том төсөл бөгөөд музейг олон улс, бүс нутгийн түвшинд гаргах болон аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг талууд онцолж байв.
Төслийн хүрээнд хийгдэх гол ажлууд:
- Дижитал шинэчлэл: Музейн 3-9 дүгээр давхрын онцлох үзмэрүүд болон Мөнгөн модны танхимд нэмэлтээр цахим контент, дэглэлт хийж, нээлттэй сан хөмрөгийн систем суурилуулах;
- Хүүхдийн музей: Соёлын өвийг хүүхдэд хүртээмжтэй, орчин үеийн технологиор хүргэх зорилгоор дижитал тоноглол бүхий хүүхдийн музей байгуулах;
- Хүний нөөцийн чадавх: Музейн болон салбарын боловсон хүчнийг БНСУ-д сургалтад хамруулах;
- Тоног төхөөрөмж ба стандарт: Музейн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдээр гарын авлага боловсруулж, үзмэрийн хадгалалт, хамгаалалтад зориулсан 3D сканер, автомат шүүгээ, шилэн хорго нийлүүлэх;
- Төслийн нээлтэд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан болон холбогдох бусад албаны хүмүүс оролцлоо.