Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.15) хуралдаан 11 цаг 33 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр товлосон болохыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцууллаа.
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байсан ч Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг болон Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн гишүүн Г.Уянгахишиг нарын гаргасан саналаар төслийн анхны хэлэлцүүлгийг хоёр долоо хоногоор хойшлуулахаар санал хураалт явууллаа. Шүүгдэгчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой зохицуулалтыг Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэрлэх хүрээнд тус ажлын хэсгээс холбогдох байгууллагуудаас санал авсан байна.
Үүний дараа хоёр удаа хуралдсан хэдий ч холбогдох байгууллагуудаас дахин санал авах шаардлагатай хэмээн үзсэн тул төслийн анхны хэлэлцүүлгийг хоёр долоо хоногоор хойшлуулах саналыг гаргасан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 15 гишүүний 80 хувь нь дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хоёр долоо хоногоор хойшлуулахаар боллоо.
Дараа нь Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг хэлэлцэж, энэ талаараа Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Цэцэд хүсэлт гаргах” зохицуулалт бүхий 88 дугаар зүйлийг үндэслэн уг хүсэлтийг гаргаж буйгаа тэрбээр дурдаад Улсын Их Хурлын гишүүн нь гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх, эгүүлэн татахтай холбоотой асуудлаар гаргаж буй санал хэмээн тодотгосон. Улсын Их Хурлын гишүүний ард түмнийг төлөөлөх бүрэн эрхээ саадгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан хэмээлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.
Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” хэмээн заасан байдаг. Үндсэн хуулийн онол, зорилгын хүрээнд авч үзэхэд тус зохицуулалт нь нэгдүгээрт, гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол, хоёрдугаарт, Улсын Их Хурлын гишүүн болсноос хойш гэмт хэрэгт холбогдохтой холбоотой асуудлыг зохицуулах үндсэн зорилготой хэмээн үзэж буйгаа онцолсон. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүн хийсэн үйлдлийнхээ төлөө бусдын адил шууд халдлагад өртөхгүй буюу хариуцлага хүлээхгүй гэсэн энэхүү хамгаалалтыг хуульчилж, гэмт хэрэгт холбогдох асуудлыг өргөсөн тангарагтай нь холбон хуульчилсан байтал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2, 46.2.3 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хууль дахь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг илтэд дордуулж, зөрчиж байна гэж үзжээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2-т “…гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан…” гэсэн заалтад дүн шинжилгээ хийж үзэхэд гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан өргөсөн тангаргаа зөрчсөн, эсхүл Улсын Их Хурлын гишүүн болсноос хойших цаг хугацаатай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал биш, тухайн гишүүний амьдралын бүх цаг үе дэх үйлдэл, эс үйлдэхүйтэй нь холбогдуулан хэрэг үүсгэж болохоор байна хэмээн тайлбарлав.
Улмаар гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах асуудлыг Улсын ерөнхий прокурор шууд Улсын Их Хуралд оруулахаар хуульчилсан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн, Улсын Их Хурлын гишүүний ард түмнийг төлөөлөх үндсэн үүрэгт саад болсон зохицуулалт гэж үзэж байгаа аж. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2, 45.2.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчиж буй эсэхийг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаснаа танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Д.Ганбат, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт, тайлбар авав. Байнгын хорооны дарга “Асуудлыг ул суурьтай хэлэлцэх нь зүйтэй. Үүний тулд гишүүд нэгдсэн ойлголттой болох хүртэл холбогдох судалгааг хийж, баримтуудтай танилцах шаардлагатай байна. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал гэдэг нь үгээ чөлөөтэй хэлэх боломжийг бүрдүүлэх л асуудал.
Ер нь бол Улсын Их Хурлын сонгуульд оролцохын тулд тал бүрээс баримт, тодорхойлолт авч, гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдгээ баталгаажуулж байж нэр дэвшдэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон хүн Улсын Их Хуралд нэр дэвших боломжгүй, холбогдох эрх зүйн орчны хүрээнд Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөж буй гишүүн гэмт хэрэгт холбогдсон байж таарахгүй, Улсын Их Хурлын гишүүн бол гэмт хэрэгт холбогдоогүй хүн гэдэг тайлбар хийгдэнэ. Хуулиудын нийлбэр үйлчлэлийг нэгтгээд харах юм бол ийм тайлбар гарахаар байгаа юм” гэлээ.
Иймд сайтар судалж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулах, судалгааны хүрээлэнгүүд, холбогдох байгууллагуудаас санал, үндэслэл, тайлбарыг авч, тал бүрээс нь нягталж байгаад үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай хэмээгээд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналын хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэв. Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Д.Цогтбаатар дарга танилцуулсан. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “Ажлын хэсэг нь Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална” гэсэн заасан байдаг байна.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Энхбаяр, Д.Ганбат нар асуулт асууж, төсөлтэй холбогдуулан үг хэлэв. Дараа нь холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналд үндэслэн ажлын хэсгийн гишүүн тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын Өмгөөлөгчдийн холбооноос санал болгосон тус холбооны ерөнхийлөгч Л.Данзанноровыг оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санал болгосон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболдыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг гишүүдийн 87.5 хувь нь, Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс санал болгосны дагуу Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны Хуулийн бодлогын хэлтсийн ахлах зөвлөх Г.Оргилболдыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг гишүүдийн 81.3 хувь нь, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санал болгосны дагуу тус Комиссын гишүүн С.Дондовыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг гишүүдийн олонх буюу 87.5 хувийн саналаар тус бүр дэмжсэн. Дараа нь Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгээс санал болгосны дагуу Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн зөвлөх Н.Ариунболдыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Иймд Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хоёр хоногийн дотор холбогдох саналаа шинэчилж ирүүлэхийг Байнгын хорооны дарга хэллээ. Монголын хуульчдын холбооноос санал болгосон Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн М.Мөнхбатыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь, Шүүхийн сургалт судалгаа мэдээллийн академиас санал болгосон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнийг дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг гишүүдийн 75 хувь нь дэмжив. Засгийн газраас тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга Ч.Эрдэнэчимэгийг оруулахаар санал ирүүлсэн бөгөөд уг саналаар санал хураалт явуулахад Хууль зүйн байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Иймд хоёр хоногийн дотор холбогдох саналыг шинэчилж ирүүлэхийг Д.Цогтбаатар дарга хэллээ. Дараа нь хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь төрийн бус өмчийн хууль зүйн сургуулиас санал болгосон Шихихутаг их сургуулийн Судалгааны хүрээлэнгийн захирал Б.Нармандахыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг, 87 хувь нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулиас санал болгосон Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанааг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг дэмжсэн.
Ийнхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүний талаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Хууль зүйн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжсэн. Үүгээр хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.