Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод байгаа адуу малыг гаргахыг шаардаж, эс биелүүлбэл нэг адуунд 1 сая төгрөгийн торгууль ногдуулна гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар тэрбээр "Арванндүгээр сарын 1-нээс өмнө адуу, малтай иргэд Нийслэлээс малаа гаргахгүй бол журмын хашаанд хийнэ. Нэг адуунд 1 сая төгрөгийн торгууль тавина, улсын хөрөнгө болгоно.
Мал бүхий иргэд Улаанбаатар хот руу адуу малаа оруулчихдаг, гудамж талбай битүү хомоол, зүгээр хаячихдаг. Чип зүүлгээд холоос хянаад байж байдаг. Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг өглөө. Аравнэгдүгээр сарын 1-нээс өмнө бүх иргэд малаа нийслэлээс авч гарахгүй бол Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байдаг тэжээлийн талбай руу бүх адууг тууж оруулна. Мөн зуслан дээр хэсэг бүлэг нөхөд байна. Тэр хавийн бүх гудамж талбай адууны хомоолоор дүүрсэн, иргэд нь өөрсдөө цэвэрлэж байна. Цагдаагийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж ажиллана, адуутай хүмүүс их омогтой юм гэсэн. Төрийн хууль дүрэм гэж байдаг бол тэдгээр хүмүүсийг номхруулж, малаа бэлчээдэг газарт нь бэлчээх хэрэгтэй. Мал бүхий иргэдэд хандаж хэллээ. Та нар ийм увайгүй, ичих булчирхайгүй, эрээ цээргүй бүдүүлэг байж болохгүй. Бид төрийн сүлдэндээ морио шүтээн болгосон, монгол хүн морио дээдэлдэг ч Нийслэл Улаанбаатар хотод мал маллаж, адуу бэлчээх ямар ч зориулалт хуульд байхгүй" гэдгийг тодотголоо.