“Нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэж мэдэгдсэн Г.Занданшатарын Засгийн газрыг МАН-ын “нүүрсчид” нь ганхуулж эхлэв үү

“Нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэж мэдэгдсэн Г.Занданшатарын Засгийн газрыг МАН-ын “нүүрсчид” нь ганхуулж эхлэв үү

Монгол Ардын намын дотоод хагарал, тэмцэл цагаан байрнаасаа хальж, улс нийтийн зовлон болж хувирлаа. “Нүүрсний” асуудал яригдаж эхэлснээр эхлэл нь тавигдсан энэ асуудал өдгөө Засгийн газрыг ганхуулах түвшинд ирээд байна. Өөрөөр хэлбэл МАН доторх нүүрсний хулгай илрэх болсноос үүдэж хагарал, тэмцэл үүсээд байж магадгүй байгаа юм. Тэгвэл болж буй процессыг эргэн нэг санацгаая.

-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙГУУЛЖ БАЙСАН ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫН ГЭРЭЭ, Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГЭХ МЭДЭЭЛЛЭЭР БҮХ АСУУДАЛ ЭХЭЛСЭН-

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан Засгийн газраас БНХАУ-тай хил холболтын төмөр замын гэрээг хийхдээ айлын талын санал болгосон нүүрсний 5 хувийн хөнгөлөлтийг 40-50 ам.доллар болгон нэмэгдүүлж, улсад 36 их наяд төгрөгийн хохирол учруулах тогтоолыг УИХ-аар яаралтай батлуулсан гэх асуудал олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нүүрсний хэрэгтэй холбогдсон байж болзошгүй асуудал ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн байдаг. Тодруулбал, нүүрсний сонсголыг зохион байгуулж байсан ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Админерал” компаниар дамжуулан “нүүрсний хулгай”-тай хамааралтай хэмээн дахин зарласан юм.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайд холбогдоогүй гэж итгэж байсан ч эл хэрэгт холбогдсон байсан хэмээн мэдээлсэн.

Улмаар 2023 онд нүүрсний сонсголыг зохион байгуулж байсан Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилно гэдгээ мэдэгдэж, нүүрсчдийн эсрэг хийх тэмцлээ эхлүүлж буйгаа мэдэгдсэн юм. Ерөнхийдөө 2023 оны өвөр "нүүрсний хулгай"-н эсрэг иргэд жагсаж, тэмцэж байсан асуудлын ард байсан жинхэнэ эзэд гарч ирж байна гэж үзэх хүмүүс ч байна.

Тэгвэл Б.Энхбаярыг сайдаар томилно гэх мэдэгдлээс хойш УИХ хуралдаж чадахгүй, гацаанд орчхоод байна. Учир нь АН-ын бүлэг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг парламентыг удирдах ёс зүйгүй гэж үзээд, нэр холбогдоод байгаа асуудлаа шалгуулж, цэгцлэх шаардлагыг тавьж, чуулганы ирцэнд орох ч, санал хураалтад орохгүй гэдгээ мэдэгдсэн. Ингэхээр УИХ-ын чуулганаар орж ирсэн ямар ч асуудал унана гэсэн үг. Ийнхүү нүүрсний хулгай, нүүрсчдийн асуудлаас болж төрийн эрх барих дээд байгууллага буюу парламентын үйл ажиллагаа үндсэндээ зогсчихлоо.

-НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ЗАСГИЙН ГАЗРЫГ ГАНХУУЛЖ ЭХЛЭВ-

Нөгөө талд нүүрсчид хэмээн цоллуулж байгаа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын талд УИХ-ын 23 гишүүн л үлдсэн гэх бөгөөд тэдний нэг нь П.Сайнзориг. Тэрбээр Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоолыг урдаа барьж, Засгийн газрыг огцруулах санал гаргасан. Гэтэл П.Сайнзориг “Тавантолгой”-н Бүрэн эрхт төлөөлөгч байхдаа “Админерал” түншлэлийн компанид 170 тэрбум төгрөгийн хууль бус тендер олгосныг шүүх тогтоож байсан гэх мэдээлэл гараад байна.

Түүний алдагдалтай гэж тайлбарлаад буй Засгийн газрын 55 дугаар тогтоол батлагдахаас өмнө буюу 2025 оны эхний 8 сард биржийн арилжаагаар 13.1 сая тонн нүүрс экспортолж, борлуулалтын орлого нь 3.5 их наяд, нэмэлт орлого нь 169.9 тэрбум төгрөг байсан бол тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 8-р сараас хойш биржийн арилжаагаар 21.2 сая тонн нүүрс арилжаалж, борлуулалтын орлого нь 5.6 их наяд, нэмэлт орлого 300.7 тэрбум төгрөг болжээ. Түүнчлэн дотооддоо бага үнээр зарж, бага татвар төлөөд хил гараад өндөр үнээр зарж, татвараас зугтдаг байдлыг таслан зогсоосон байгаа юм.

Товчхондоо, Нүүрсний хэрэгтэй тэмцэнэ гэдгээ зарлаж, сонсгол зохион байгуулснаас хойш нүүрсчдийн хамгийн том заналт дайсан болж үлдсэн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох шийдвэрийг гаргасан Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах шалтгаан нь "МАН-ын доторх нүүрсний хулгай" илрэх болсноос үүдээд байж магадгүй байна.