АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнөөдөр /2025.10.13/ Израйльд хүрэлцэн ирээд байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд онцлон мэдээлж байна. Түүнийг Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон түүний эхнэр, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф, Ерөнхийлөгчийн зөвлөх Жаред Кушнер нар угтан авсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Израилийн парламентад үг хэлэхийн зэрэгцээ Хамас бүлэглэлийн барьцаанаас суллагдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн Д.Трамп Газын зурваст айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байгаа гэх мэдээлэл байна.
Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Газын зурвасын дайныг зогсоох Шарм-эль-Шейхийн дээд хэмжээний уулзалтад оролцох бөгөөд Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху уг уулзалтад оролцоно гэдгийг Израилийн олон нийтийн телевиз баталжээ. Тэгвэл дээд хэмжээний уулзалтыг Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар хамтран даргалах аж. Мөн Францын Ерөнхийлөгч, Их Британийн Ерөнхий сайд, Палестины удирдагч Махмуд Аббас зэрэг дэлхийн олон удирдагчид оролцох ажээ.
Эх сурвалж: BBC