УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, асуултад хариулт өглөө.
Тэрээр "Өнөөдөр 10:00 цагаас намын бүлгүүд хуралдаад 11:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах товтой байсан. 32 гишүүнээс 28 гишүүн ирэх боломжтой гэж Байнгын хорооны дарга мэдэгдсэн. Гишүүд товлосон хугацаандаа хуралдаа орж ирэхгүй бол хурлыг хаах, хойшлуулах нь хурал даргалагчийн эрх. Пүрэв гаригаас өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой. УИХ-ын даргын асуудал УИХ-д Төрийн байгуулалтын байнгын хороо цохогдож хэлэлцэх учиртай. Хуулиараа парламентын даргыг огцруулах үндэслэл бүхий саналыг нийт гишүүдийн талаас илүү нь ирүүлсэн бол хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын даргыг огцруулах саналыг даргын дэргэдэх зөвлөлд оруулсны дараа зөвлөлийн 17 гишүүн хуралдаж хурлын дараалалд оруулна. АН-ын бүлгээс тавьж байгаа УИХ-ын даргыг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын асуудалтай зэрэгцүүлэн хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ахин хуралдаж хурлын дараалалд оруулж болно. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг төд хоногийн дотор хэлэлцүүлж шийднэ гэсэн хуулиар тогтоосон хугацаа байхгүй. Гэхдээ хэлэлцүүлэх асуудлыг өргөн барьсан учраас асуудлыг хэлэлцэх нь тодорхой. Харин хэзээ хэлэлцэхийг одоо хэлэх боломжгүй байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт 11:00 цагаас хуралдаж энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон. Тэр үед УИХ-ын даргыг огцруулах саналыг өргөн бариагүй байсан. Хурлын дараа өргөн барьсан. Тиймээс энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй" гэв.
ВИДЕО: