НУУЦ ГЭРЭЭ: А.Амундрагийн "Бодь Интернэшнл" ХХК мухар төмөр зам барьсан "хөлс"-өө долоон сарын дотор 214 сая ам.доллараар нэмэгдүүлжээ

НУУЦ ГЭРЭЭ: А.Амундрагийн "Бодь Интернэшнл" ХХК мухар төмөр зам барьсан "хөлс"-өө долоон сарын дотор 214 сая ам.доллараар нэмэгдүүлжээ

Засгийн газрын өчигдрийн /2025.10.08/ хуралдаанаар "Нүүрс"-тэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болгох шийдвэрийг гаргасан. Тэгвэл нууцад байсан гэрээнүүд ил боллоо.

Нууцаас гаргасан гэрээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь "Бодь Интернэшнл" ХХК-тай 2019 оны 11 дугаар сарын 13-ны өдөр Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн хүрээнд 15 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээг байгуулсан байна. Ингэхдээ нүүрсээ уурхайн ам нөхцөлөөр коксжих нүүрсний нэг тонныг нь 60 ам.доллар байхаар тогтоожээ. Мөн гэрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оршин Тавантолгойн ордоос олборлосон нүүрсийг зөвхөн Гашуунсухайт-Ганцмод боомтоор экспортолно гэдгийг онцолж гэрээлсэн байна. 

  • Харин энэхүү нүүрс нийлүүлэх гэрээнд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, нүүрс нийлүүлэх гэрээний хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс гэснийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс болгон өөрчилсөн байна. Мөн 2024 онд нийлүүлэх нүүрсний хуваарь, хэмжээг өөрчилжээ. 
  • Түүнчлэн 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдөр "Эрдэнэс тавантолгой" ХК-ний гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, "Бодь Интернэшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амундра нар нүүрс нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний мөнгөн дүнг нэмэгдүүлсэн байх аж. Тодруулбал, төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажилд нийт 1 тэрбум 60 сая 577 мянга 163 ам.доллар гэсний ард ТЭЗҮ-ийн тодотголд заасны дагуу 213 сая 430 мянга 672 ам.доллароор нэмэгдүүлж, нийтдээ 1 тэрбум 282 сая долоон мянга 832 ам.доллар шаардлагатай бөгөөд... гэж нэмэлт өөрчлөлт оруулжээ. 
  • Харин 2020 оны есдүгээр сарын 02-ны өдөр нүүрс нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зөвхөн Гашуунсухайт-Ганцмод боомтоор экспортолно гэснийг өөрчилж, Замын-Үүд-Эрээн боомтоор экспортолно, ингэхдээ тус боомтоор нэг тонн нүүрсийг 60.57 ам.доллар байна гэж өөрчилжээ.