Тогтвортой, ногоон амьдралын хэв маягийг таниулсан “Green Day” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

Тогтвортой, ногоон амьдралын хэв маягийг таниулсан “Green Day” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

Байгальд ээлтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой хэрэглээг дэмжих, иргэд олон нийтэд мэдлэг ойлголт өгөх, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, технологийн шийдлийг хэрэглэгчдэд илүү ойртуулах зорилгоор ХААН Банк өнгөрсөн бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд “Green Day” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгт ХААН Банктай хамтран ажилладаг 50 орчим байгууллага, аж ахуйн нэгж оролцож, байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулсны дээр ХААН Банкны ногоон зээлийн нөхцөлөөр сонгосон бүтээгдэхүүнээ иргэд газар дээр нь худалдан авах боломжтой байв. Тухайлбал, цахилгаан автомашин, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, цахилгаан бараа, халаалтын шийдэл, байгальд ээлтэй дулаалгын материал зэрэг өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг тэнд танилцуулсан юм.

ХААН Банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал С.Энх-Ирээдүй “ХААН Банк тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлогын хүрээнд байгальд ээлтэй бизнесийг экосистемээр нь дэмжихийг чухалчилж ирсэн. Ногоон санхүүжилт бол бидний стратегийн нэг үндсэн чиглэл юм. Байгаль орчны сөрөг нөлөөг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, тогтвортой шийдлийг зах зээлд нэвтрүүлэхэд банкны оролцоо зайлшгүй чухал. Тиймээс бид харилцагч байгууллага, үйлдвэрлэгч, нийлүүлэгч буюу вендор компаниудтайгаа хамтран энэ зорилгод хүрэхийг эрмэлзэж байна. “Green Day” арга хэмжээ нь ногоон бүтээгдэхүүн, технологи, шийдлийг хэрэглэгчдэд ойртуулах, хамтын оролцоог бий болгох зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна” хэмээн арга хэмжээний нээлтэд онцоллоо.

Мөн “Green Day” арга хэмжээний хүрээнд тогтвортой хөгжлийн сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг, илтгэл, танилцуулгууд өрнөж, ХААН Банкны мэргэжилтнүүд, хамтрагч байгууллагуудын төлөөлөл оролцсон панел хэлэлцүүлэг, воркшопууд зохиогдлоо. Түүнчлэн гэр бүлийн гүйлтийн тэмцээн, “Quiz Time with Miko” мэдлэг сорих тоглоом, FOUX хамтлаг болон DJ нарын тоглолт, хүүхдүүдэд зориулсан тоглоомын булан, бүтээлч орон зай, “Үлгэр амилах цаг” зэрэг олон сонирхолтой хөтөлбөр багтсан нь хүрэлцэн ирсэн олны талархлыг хүлээлээ.

ХААН Банк үндэсний тэргүүлэгч санхүүгийн байгууллагын хувьд Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож ирсэн. 2020 онд “Тогтвортой хөгжлийн бодлого”-оо баталж, дотоодын үйл ажиллагаатай бүх талаар уялдуулаад зогсохгүй нийгэм, эдийн засаг, байгальд ээлтэй олон санаачилгыг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, тогтвортой санхүүжилтийн хүрээнд 2024 онд олон улсын зах зээлээс 331.2 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлж, мөн онд нийт 1.1 их наяд төгрөгийн ногоон зээл олгосон нь арилжааны банкуудын ногоон зээлийн багцын 52.6 хувийг дангаар бүрдүүлсэн юм.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк