О.Цогтгэрэл:  Ерөнхий сайд, УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой тэр хүртэл АН-ын бүлэг нэгдсэн байр сууринд хүрэхгүй

О.Цогтгэрэл: Ерөнхий сайд, УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой тэр хүртэл АН-ын бүлэг нэгдсэн байр сууринд хүрэхгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Мэдээллийн эхэнд тус бүлгийн дарга О.Цогтгэрэл " Улс төрд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой хоёр асуудал байна. Нэгдүгээрт, асар том нүүрсний хулгайн тоо баримтыг олон нийтэд ярих бололцоо олдож байна. Хоёрдугаарт, энэ аж ахуйн гэрээнүүдийг улсын нууцад авч худал хулгай хийдэг нөхцөл хэзээ  яаж бүрдсэн юм бэ  гэдэг асуудал өөрөө анхаарал татаж байна. Ирэх долоо хоногт би өөрийн бланкан дээрээ Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барих гэж байна. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төрийн нууцын тухай хуулийг Төрийн болон албаны нууцын тухай хууль гэж өөрчилсөн. Тэр үед аль улс төрийн хүчин эрх барьж байсан бэ. Энэ өдөр аж, ахуйн гэрээнүүдийг нууцад авах үүд хаалгыг нээгээд залгуулаад хулгайг эхлүүлсэн. МАН-ын үнэмлэхүй олонх болсон Засгийн газар, парламентын бүрэлдэхүүнээс ийм шийдвэрийг гаргасан. Энэ хуулиар байгууллагуудын мэдээллийг нууцад авах эрх зүйн боломжийг нээсэн. Цаашлаад зөвхөн УИХ-аар хуульчлан заасан 62 асуудлыг нууцад авдаг байсныг Засгийн газрын мэдлээр 300 гаруй асуудлыг авдаг болсон. Мөн төрийн өмчит компаниуд нууцад авах эрх нь нээгдсэн. Ингээд 2016 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс хойш хулгай хэрхэн, яаж даамжирсныг ярих ёстой. Уг асуудлын язгуур үндсийг ч устгах ёстой юм. 

Энэ бол системийн авлигыг хэрхэн үүсгэсэн тухай асуудал шүү. Ойрын өдрүүдэд ил гарч байгаа эрх баригчдын дотоод зөрчил тэмцлийн талаар манай бүлэг өнөөдрийн хурлаараа ярилцсан. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг баасан гарагт хэлэлцэж дуусна. Тэгэхээр цаг хугацааны хувьд өнөө, маргаашдаа шийдэгдэхгүй болов уу. Тиймээс тодорхой гурван асуудлаар байр сууриа нэгтгэлээ. 

Нэгдүгээрт, Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын даргыг огцруулах асуудыг хамтад нь хэлэлцэх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна. Магадгүй нэг өдөр, нэг дор хэлэлцэх ёстой. Энэ хоёр албан тушаалтны асуудал биш. Үндсэн хуулийн, засаглал хоорондын зөрчлийн асуудал болж хувирсан. Намын дотоод зөрчил байсан асуудал төрийн асуудал болсон. Тэгэхээр яаралтай шийдэхгүй бол төрөөс том улс орны асуудал болж хувирах вий. Ингэхэд ганц алхам л дутуу байна шүү. Засаглалын хямрал болох эрсдэлтэй учраас энэ асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой. 

Хоёрдугаарт, Ардчилсан намын бүлэг нэгдсэн хуралдааныг хүртэл байр сууриа зарлахгүй. Тэр хүртэл гишүүд тодорхой хэмжээний итгэл үнэмшлээрээ асуудалд хандаад явж болно. Тэр үед Ардчилсан намын нэгдсэн байр суурь гарч олон нийтэд мэдээлнэ. 

Гуравдугаарт, эрх баригч тал хуваагдаад байна. Тиймээс чуулганы хуралдааныг цөөнхөөс томилогдсон УИХ-ын дэд дарга даргалах ёстой гэсэн байр суурьд нэгдсэн" гэв. 

ВИДЕО: