Багш нарын цалин, хангамжийн асуудал үргэлж их, бага хэмжээгээр гарсаар ирсэн. Багш нар шаардлага тавьж, жагсаал зохион байгуулдаг ч удалгүй намддаг жишиг тогтсон гээд хэлэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ жилийн хувьд багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг өнгөрсөн долдугаар сараас эхлэн үе шаттайгаар тавьж ирсэн. Гэсэн ч тодорхой үр дүнд гарахгүй байсаар өнгөрсөн сарын 24-нд багш нар улс орон даяар нэгэн зэрэг тайван жагсаал зохион байгуулж, Монгол улсын Ерөнхий сайдад шаардлагаа хүргүүлсэн байдаг.
Тодорхой үр дүн гарахгүй байгаа учир багш нар өдөр бүр Төв талбайд тайван жагсаал зохион байгуулж байна. Тэгвэл багш нарын цалин, нийгмийн асуудал болоод бусад асуудлыг багш нарын төлөөлөл Т.Сосорбарамтай ярилцлаа. Түүний хувьд улсын хэмжээнд хомсдолтой гэх химийн багш бөгөөд 16 жил боловсролын салбарт ажиллаж буй.
ВИДЕО:
-БАГШИЙН ЦАЛИНГААР ХЭЗЭЭ Ч БАЙРТАЙ БОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН-
-Уншигчдад маань өөрийгөө товч танилцуулаач. Боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?
-Намайг Т.Сосорбарам гэдэг. НЕБ-ын 92-р сургуулийн химийн багш. Боловсролын салбарт 16 жил ажиллаж байна. Би Говь-Алтай аймгийн харьяат хүн. 2012 оноос хойш НЕБ-ын 92 дугаар сургуульд химийн багшаар ажиллаж байна.
-Хоёулаа багш нарын жагсаалтай энэ өдөр ярилцаж байна. Боловсролын салбарт 16 жил ажилласан туршлагатай таны хувьд энэ багш нарын жагсаалын тухайд. Үнэхээр багш нарын цалин, хангамж, нийгмийн баталгаа хүнд байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Би 92-р сургуульд багшилж байх үедээ Турк улс руу яваад хагас жил хар ажил хийж байлаа. Тэгээд хашаа байшинтай болж байсан юм. Харин түүний дараа БНСУ-д жил гаруй хугацаанд мөн л ажилласан. Тэгээд БНСУ-аас ирэхдээ байрны мөнгөтэй болоод бүх л өр зээлээ дарж байлаа. Одоо би боддог юм. Хэрэв зориг гаргаж Солонгос улсыг зориогүй бол багшийн цалингаар хэзээ ч байртай болж чадахгүй байсан. Гэтэл Солонгос улсаас ирээд гурван жил багшлахад дахиад л өр зээлээ тавиад л амьдарч эхэлж байна. Тэгэхээр л үнэхээр хүнд салбар гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Хэн ч хайртай бүхнээ орхиод хүний нутагт хүнд, хэцүү болгоныг хийхийг хүсэхгүй. Гэтэл багш нарын хувьд БНСУ-руу яваад гурван сар ч болтугай ажиллаад ирэх юм сан гэж мөрөөддөг болсон. Яагаад гэвэл багш нарт виз гардаггүй.
-Турк болон БНСУ-д ямар ажил хийж байсан бэ. Мэдээж шантармаар үе олон л гарсан болов уу?
-Тийм ээ. Би Турк улсад оёдлын үйлдвэрт туслах хийж байсан. Харин БНСУ-д Монголчуудын хийдэг бүх ажлыг хийсэн дээ. Айл цэвэрлэх, буудалд үйлчлэгч гээд л хийдэг. Эхний нэг сар үнэхээр хүнд байсан. Хүний нутагт, хэлгүй байсан нь бас том шалтгаан. Гэхдээ сардаа тухайн үеийн ханшаар дөрвөн сая төгрөг аваад эхлэхээр урам ороод гүрийдэг юм билээ. Гэр бүл маань Монголд байгаагүй бол Солонгос улсад ажиллаад л баймаар байсан.
-Таны хувьд эрэлт ихтэй химийн багш. Нөгөө талд 16 жилийн туршлагатай байна. Гар дээр хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
-Багш нарын үндсэн цалин 1.484.000 төгрөг байдаг. Үүн дээр олон жилийн нэмэгдэл 15 хувь, анги даасны 10 хувь, зэргийн нэмэгдэл 10 хувь тус тус нэмэгддэг. Нийт 35 хувийн нэмэгдэлтэйгээ нийлээд гар дээр 1,6 сая төгрөг авдаг. Олон жил ажилласан болохоор намайг хүмүүс их өндөр авдаг гэж боддог. Хүмүүс итгэдэггүй юм. Нөгөө талд бид нарын татвар өндөр. Татвараа нарийн тооцвол 26 хувийн татварыг төлж байгаа байх.
-УРЬЖ, ЗАЛЪЯ ГЭСЭН Ч АЖИЛЛАХ БАГШ ОЛДОХГҮЙ БАЙНА-
-Тэгвэл нөгөө талд багшийн ачааллын хувьд ямар байна вэ?
-Манай сургуулийн нэг анги багадаа 40 хүүхэдтэй. Энэ бол ачаалал маш их гэсэн үг. Тэгээд химийн багш эрэлт их, хомсдолтой мэргэжил. Манай сургуульд гэхэд угтаа бол гурван химийн багш байх ёстой. Гэтэл өдгөө хоёр л багш байна. Ажиллаад өгөөч гээд урьж, залъя гэсэн ч ажиллах багш олдохгүй байна. Тэгэхээр байгаа хоёр багш гурван багшийн ачааллыг үүрээд явж байгаа гэсэн үг. Боловсролын салбарын хүний нөөцийн асуудал үнэхээр хүнд байна.
-БОЛОМЖТОЙ, АЗ ТААРСАН БАГШ НЬ БНСУ-РУУ ЗУНДАА ЯВЖ, ЖИЛИЙН ОРЛОГОО ОЛДОГ-
-Та нэмэлт орлого олох ямар ажил хийж байна вэ?
-Захын дүүргийн сургуулиудад багш нар олдоггүй. Тэр дундаа Хими, Физик, Математик, Англи хэлний багш нар улсын хэмжээнд хомсдолтой байна. Тийм учир миний хувьд долоо хоногийн хоёр өдөр захын дүүргийн сургуульд цагийн багш хийдэг. Гэхдээ долоо хоногт ихдээ л 10 цаг л багшилдаг. Үүнээс их цагаар цагийн багш хийе гэсэн ч амжихгүй. Нөгөө талд зуны улиралд би эгчийнхээ лангуун дээр худалдагч хийдэг. Ер нь Монголд зуны улиралд ажил хийдэггүй багш байдаггүй. Зөөгч, угаагч, барилгын туслах гээд бүгдийг хийдэг. Харин арай боломжтой нэгэн нь БНСУ-руу явдаг. Хэрэв зуны гурван сар Солонгос улсад ажиллах юм бол жилийн орлогоо олчихдог. Гэхдээ буцаж ирэх багш нарын тоо маш цөөн. Эндээс л боловсролын салбарын хүний нөөцийн асуудал гарч ирнэ дээ.
-Эгчийнхээ лангуун дээр худалдагч хийдэг гэж хэллээ. Цалин үнэлэмж ямар санагдсан бэ?
-Би боловсролын салбарт, багш мэргэжилдээ хайртай учир л өдгөө хүртэл тэсээд байна. Мөн 16 жил энэ салбарт ажиллачихсан байна. Тэрнээс би худалдааны зөвлөх хийсэн ч багшаас илүү цалин авна. Нөгөө талд тархи амар байна шүү дээ. Цагийн багш хийдэг гэхээр хүмүүс их л мөнгө олдог гэж боддог. Гэтэл багш нарын илүү цагийн мөнгийг бага болгоод тогтоочихсон. Жишээ нь, би долоо хоногийн хоёр өдөр цагийн багш хийхэд 700 мянга орчим төгрөг авдаг. Үүнээсээ татвар, шимтгэлээ өгөөд гар дээр 500 мянга хүрэхгүй цалин авдаг.
-ХҮНИЙ ХҮМҮҮЖҮҮЛЖ БАРААГҮЙ ХҮҮХДИЙГ БИД ХҮМҮҮЖҮҮЛЭХ БОЛЧХООД БАЙНА-
-Туршлагатай багш нарын цалин, үнэлэмж ийм байгаа бол залуу багш нар бүүр л халширмаар санагддаг байх даа?
-Тийм шүү. Шинээр их сургуулиа төгсөөд гарч ирж байгаа багш нарын хувьд хэцүү. Тэдний үндсэн цалин 1.484.000 төгрөг. Үүнээсээ бүх татвар шимтгэлээ хасуулна. Тэдэнд өөр нэмэгдэл байхгүй. Залуу багш нарыг шантраадаг бас нэг өөр хүчин зүйл нь эцэг эхчүүдийн сөрөг хандлага. Хүүхдийн хүмүүжил ч хүнд болсон нийгэм. Хүний хүмүүжүүлж бараагүй хүүхдийг бид хүмүүжүүлэх болчхоод байна. Гэтэл бид хатуу ч үг хэлэх эрхгүй болчихсон.
-Залуу багш нар анги удирдаж авах дургүй байдаг гэдэг. Энэ үнэн үү?
-Үнэн. Залуу багш нар анги дааж авмааргүй байна гэдэг. Тэд нарын буруу биш. Учир нь нэг анги багадаа 40 хүүхэдтэй. Гэтэл анги даасан багшийн нэмэгдэл 10 хувь буюу 148 мянган төгрөг. Залуу багш нар “148 мянган төгрөг авахын төлөө анги дааж байснаас цагийн багш хийсэн нь амар” гэдэг юм. Анги дааж авна гэдэг өөрөө 40-50 хүүхдийн төлөө ажиллана. Бас амаргүй.
-Ярилцсан баярлалаа.