Ерөнхий сайд үлдэж, УИХ-ын дарга огцрохын өмнө Д.Амарбаясгалан хоёр өдрийн “амь хийлээ”

Ерөнхий сайд үлдэж, УИХ-ын дарга огцрохын өмнө Д.Амарбаясгалан хоёр өдрийн “амь хийлээ”

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөр /2025.10.10/-ийн хурлаар “Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах” асуудлыг хэлэлцэж байтал ажил тарах 18:00 цаг болсон тул Даваа гараг /2025.10.13/-т үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж тарсан юм. “Албан тушаалын томилгоо” болохоор парламентын ирц 100 хувьд хүрч өдөр, шөнө харгалзахгүй хуралдаад ард нь гардаг улс төрчид хэзээ ажил тарах цагт баригддаг болчхов гэсэн гайхширлыг төрүүлсэн.

-БАЙНГЫН ХОРООНЫ ХУРЛЫГ 18:00 ЦАГТ ТАРААНА ГЭЭД Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ТАЛЫНХАН ЭРТ ТОХИРСОН БАЙВ-

Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг яг 18:00 цагт тараана гэдгийг Д.Амарбаясгалангийн талын гишүүд өмнө нь ч хэлээд байсан юм. Тодруулбал,  МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, “байнгын хурлын дараа бүлгийн хурлыг хийхээр ярьж байгаа. Энэ хурал хэр их сунжирч удахаас шалтгаална. Болохгүй бол ирэх даваа гараг руу шилжүүлэх байх” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар гарын үсэг зураад буй УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талын гишүүд хуралдааныг ирэх даваа гараг хүртэл хойшлуулсан нь Д.Амарбаясгаланг албан тушаалд нь үлдээх “хоёр хоногийн амь авч” байж магадгүй байгаа юм.

Учир нь Д.Амарбаясгалан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын өмнө 20 минутын завсарлага авч, Г.Занданшатартай “тохиръё” гэсэн ч хүлээж аваагүй гэх мэдээлэл гарсан. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг 18:00 цагт тараасан шалтгаанаа Ц.Сандаг-Очир тайлбарлахдаа, “Улс төрийн намууд хоорондоо ярилцаж, хэлэлцэх, шийдвэрээ нэгтгэх үүднээс байнгын хорооны хурлын даваа гараг хүртэл хойшлуулсан” гэсэн юм.

Тэгвэл бодит байдал дээр 126 гишүүний эцсийн санал хураалтаар Г.Занданшатар огцрохгүй үлдэж, Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалаасаа огцрох нөхцөл бүрдсэн тул Д.Амарбаясгалангийн талын гишүүд байнгын хорооны хурлын үеэр Г.Занданшатарыг шүүмжилж, буланд шахаад байсан нь, түүнийг байнгын хороо дээр “ганцаардуулж” байгаад хоёр хоногт тохирох арга замд шилжих байдал харагдсан юм.

Сонирхуулахад,  Төрийн байгуулалтын байнгын хороонд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар өөрсдөө багтдаг бол Ж.Бат-Эрдэнэ, Ч.Номин, Б.Баярбаатар, О.Саранчулуун, Ц.Сандаг-Очир,Л.Мөнхбаатар, Э.Болормаа, Ц.Идэрбат, А.Ариунзаяа гээд гишүүдийг нь тэдний хүмүүс бүрдүүлдэг. Иймээс өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр гишүүд Г.Занданшатарыг шүүмжилж, “буланд шах”-аад байсан нь ийм учиртай.

-Д.АМАРБАЯСГАЛАНГ “ОГЦРУУЛНА” ГЭДЭГТ АН-ЫН БҮЛГИЙН ДИЙЛЭНХ ОЛОНХ НЬ НЭГДЖЭЭ-

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн албаны бланк дээр эхлээд байсан Д.Амарбаясгаланг албан тушаалаас нь “түдгэлзүүлэх” бичиг энэ долоо хоногийн Лхагва гараг /2025.10.08/-ийн орой Д.Амарбаясгаланг “огцруулах” болон өөрчлөгдсөн бол ердөө хоёр өдрийн дотор 67 гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан байдаг. Энэ талаар өчигдөр /2025.10.10/ УИХ-ын гишүүн З.Мэндсайхан мэдээлэл хийж, “УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, огцруулах албан бичигт МАН-аас 34, Ардчилсан намаас 31, бусад нам эвслээс 2, нийт 67 УИХ-ын гишүүн гарын үсэг зурлаа" гэсэн юм.

Товчхондоо, өчигдөр санал хураалт явагдсан бол Д.Амарбаясгалан “УИХ-ын даргын албан тушаалаасаа огцорсон” гэсэн үг. Иймд Д.Амарбаясгалангийн талынхан энэ амралтын хоёр өдрийн хугацаанд УИХ-ын гишүүдтэй уулзах, мөн аль аль нь “албан тушаалдаа үлдье” гэж Г.Занданшатартай тохирохыг оролдож магадгүй юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Г.Занданшатарын талд 35 гишүүн, Д.Амарбаясгалангийн талд 30 гишүүн гарч хоёр хуваагдаад байгаа. Харин санал хураалтад хамгийн том жин дарах нь АН-ын бүлгийн 42 гишүүн. Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Г.Занданшатарыг "явуулна" гэхээсээ илүүтэй Д.Амарбаясгаланг “огцруулна” гэдэг дээр санал нэгдээд байгаа. Иймд Д.Амарбаясгалангийн талынхан амралтын энэ хоёр өдөр АН-ын энэхүү нэгдмэл байдлыг сулруулахын тулд ажиллана гэсэн үг. Тухайлбал, "Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар нэгдсэн” гэсэн мессежийг ч хүргүүлнэ. Тэгвэл Даваа гараг /2025.10.13/-т Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Энэтхэг улсад төрийн айлчлал хийхээр мордоно. Түүний айлчлалын бүрэлдэхүүн Г.Занданшатарыг огцруулахаар гарын үсэг зурсан Н.Номтойбаяр болон Д.Амарбаясгалангийн талын багагүй гишүүд багтаад байгаа.