Улс төрийн үйл явдал дунд урлагийн соёлын тогоонд халуухан үйл явдлууд болж өнгөрч байна. Тодруулбал, “Дижитал” хамтлагийнхан цахим орчинд мэдэгдэл хийж, хоорондоо ам муруйсан асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл энэ асуудал нь “Дижитал” хамтлагийн гишүүн асан Баавар буюу Ш.Батбаяр "Халамцуу яриа" нэвтрүүлэгт орох үеэрээ ярьсан зүйлээс эхлэлтэй.
Тэрбээр, "Манай Эрка бол энд тэнд “Чамдаа”-г дуулаад л явж байгаа. Тэр дууг ганц Эрка зохиогоогүй шүү дээ. Студийн мөнгө төгрөгийг нь бид нар бүгд л өгсөн. Эрка бол DIGITAL гэдэг нэрээр хангалттай л амьдарлаа шүү дээ. Одоо бид хоорондоо уулзаж, ярилцаад 25 жилийн ойгоо цэнгэлдэхэд гоё хийх ёстой. Хааяа залгахаар утсаа авахгүй. Тэнгэрийн амьтан болчихсон байна билээ" гэж хэлсэн нь цахим орчинд тархаж, “Дижитал”-ийн үнэнч сонсогч, иргэдийг талцахад хүргэсэн.
Үүнтэй холбоотойгоор, "Дижитал”-ийн Эрка буюу Г.Эрдэнэбилэг өөрийн цахим хуудсандаа, "Тэр жил Хөвсгөлд ICE TOP, Digital хамтлагууд тоглолт хийв. Тоглолт дуусаад зохион байгуулсан нөхөр алга болов. Хөвсгөлийн буудалд хэд хоног чойров. Сүүлд нөгөө зохион байгуулдаг нөхөртэй соёлын төвийн хойно улаан халз тулав. Барьж аваад балбах гэсэн чинь …. намайг “Мөрөнгөөс гараад утсаа салгаад хэд хоног алга болчих би бусдыг нь зохицуулна гэсэн” гэв. Энэ зэргээр их юм ярина даа. Ичих нүүр байдаг бол ингэсгээд зогсчхоорой. Бөөндөө хоол ундгүй чойрч байхад мань хүн бүх мөнгөө цүнхэлчхээд хажууд хэвтэж байсан байгаа юм” гэсэн байдаг.
-АСУУДАЛ ХААНААС ЭХЛЭЛТЭЙ ВЭ-
Тэртээ 1999 онд “Дижитал” хамтлаг анх үүсгэн байгуулагдахдаа Эрка буюу Г.Эрдэнэбилэг, Хаку буюу Х.Халиун, Ч.Мөнхбаяр, Ч.Батболд, Г.Мөнхбат, Баавар буюу Ш.Батбаяр гэсэн зургаан гишүүнтэй байв. Улмаар “Чамдаа”, “Дурлаж байх шиг байна”, “Миний хайртай хүмүүс”, “Анддаа”, “Зүрх рүү” зэрэг дуугаараа 2000-аад оны үед залуусыг байлдан дагуулж байлаа.
ВИДЕО:
“Дижитал” хамтлаг анх байгуулагдахдаа “icetop” хамтлагаас тусгаарлаж гарсан хамтлаг бөгөөд “Дижитал” гэсэн нэрийг icetop хамтлагийн дуучин агсан Б.Оргил-Эрдэнэ өгч байсан талаар бидэнд ойрын эх сурвалж мэдээлж байв. Харин Баавар буюу Ш.Батбаяр “Дижитал гэх нэрийг би өгсөн” хэмээн маргадаг. Тэгвэл өнгөрсөн зун болсон “One stage” тоглолт болон бусад үед Дижиталийнхан хувцас болон бусад зарим зүйлд ашиглаж байсан “DJI” гэх товчлол нь ийм учиртай ч байж мэдэх юм.
Түүнчлэн 2006 онд Дижитал хамтлаг тарахдаа “Анддаа” гэх дууг хамгийн сүүлд хийж байсан бөгөөд түүнээс хойш 10-аад жил дуу уран бүтээлээ хийгээгүй . Ийнхүү 2015 онд “Амьдралд тавтай морил” дуугаараа дөрвөн гишүүнтэйгээр эргэн ирсэн бөгөөд энэ үед хамтлагт Баавар, Батку нар байгаагүй. Бидний мэдэхээр "Баавар" буюу Ш.Батбаяр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үхэр маллан амьдардаг.
Мөн Эрка Дижиталынхнаас уран бүтээлээ идэвхтэй туурвиж байгаа ганц хүн. Тэрбээр “Санасаар”, “Чамайгаа үгүйлнэ” зэрэг хит дуунуудыг гаргаж, чамгүй амжилттай соло уран бүтээлч болж чадсан. Ийм байхад түүнийг Дижиталын нэрээр л амьдарч, орлого олдог гэхэд хэцүү.
Сонирхуулахад, Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Дижиталын дууг ихэнхдээ Эрка, Мөнгөөнөө, Хаку нар бичдэг бөгөад Бааварт үгийг нь бичсэн дуу бараг байдаггүй гэсэн юм. Тэгвэл Дижиталынхан 25 жилийн ойн тоглолтоо хийхээр төлөвлөж байж магадгүй бөгөөд эх сурвалжуудын мэдээлж буйгаар томоохон энтертаймэнт компаниуд тэдний тоглолтыг 1-2 тэрбум төгрөгөөр зохион байгуулж өгье гэж ярьсан байж магадгүй байгаа юм. Гэтэл энэ үеэр Баавар Дижитал хамтлагийн талаар, 25 жилийн ойн тоглолтыг ярьж гарч ирсэн нь ч үүнтэй холбоотой байж магадгүй байна. Учир нь Эркагийн хэлж буйгаар өмнө ч энэ үйл явдал давтагдаж байж. Ямартай ч улс төр халахын хажуугаар урлагт нэг ийм халуун үйл явдал болоод өнгөрлөө.