Л.Энх-Амгалан сайд төсвийн мөнгийг мөнгөн аяга, бэлэг дурсгалын зүйлс авах, кино үзүүлэх зэрэг зүйлд зарцуулж, "туйлж" байжээ

Л.Энх-Амгалан сайд төсвийн мөнгийг мөнгөн аяга, бэлэг дурсгалын зүйлс авах, кино үзүүлэх зэрэг зүйлд зарцуулж, "туйлж" байжээ

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн 22 сайд, 16 яамтай байхаар баталж, уг хуулиар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэршлийг өөрчлөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгож байсан билээ.

Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Л.Энх-Амгаланг томилж байв. Улмаар ажил хүлээлцэх үед нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Туршлагатай хүн тус салбарт сайдаар томилогдсон тул Засгийн газрын мөрийн хөтөлбөр, салбарын бодлого зорилтыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд, амжилт хүсэж байсан.

Гэтэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нь яамныхаа төсөв хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, төрийн мөнгөөр туйлсан байжээ.

Тодруулбал, тэрбээр салбарын яамныхаа төсвийг элдэв төрлийн сургалт, уулзалтын хоол, цай, мөнгөн аяга, бэлэг дурсгал, кино үзүүлэх арга хэмжээ зэрэгт зарцуулж байсан байна. Нарийвчилбал,

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт өсвөр үе залуучуудад уран сайхны кино үнэ төлбөргүй үзүүлэх арга хэмжээнд 54.4 сая төгрөг
  • Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт сурагчдад зориулсан өдөрлөгийн зардалд 111.5 сая төгрөг
  • Сургалт, хэлэлцүүлгийн арга хэмжээ зохион байгуулахад 123.7 сая төгрөг
  • Байгууллагын лого, брошур хийлгэхэд 76.8 сая төгрөг
  • Мөнгөн аяга худалдан авахад 5.3 сая төгрөг
  • Сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөний хоол, цай, усны зардалд 445.9 сая төгрөг
  • Эмэгтэйчүүдийн чуулганы бэлэг, дурсгалын зүйлд 1.8 сая төгрөг зарцуулжээ. 

Үүгээр зогсохгүй, суудлын автомашин ашиглах эрхгүй бүхий албан тушаалтны жагсаалтад ороогүй Төрийн нарийн бичгийн дарга болон Захиргаа удирдлагын дарга нартаа Засгийн газрын авто баазаас машин унуулж, улмаар шатахууны зардалд нь 25.8 сая төгрөг зарцуулсан байжээ. Мөн хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжтэй "Хүүхэд хамгааллын жишиг бодлого боловсруулах, сургалт зохион байгуулах ажил"-ыг 16.8 сая төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан ч ямар нэгэн ажил хийсэн нь тодорхойгүй байхад мөнгийг нь шилжүүлсэн, "Засгийн газрын цом-2024" спортын арга хэмжээнд оролцох хураамж хэмээн 4.9 сая төгрөгийг яамны мэргэжилтний хувийн данс руу шилжүүлсэн байсан шалгалтаар илэрчээ.