АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн тусгай элч Стив Уиткофф ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай хийсэн уулзалтыг дүгнэхдээ "маш үр дүнтэй уулзалт хийсэн" гэж мэдэгджээ.
Энэ талаар Д.Трамп өөрийн өөрийн олон нийтийн сүлжээ болох Truth Social-д, "Миний тусгай элч Стив Уиткофф саяхан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай маш үр дүнтэй уулзалт хийлээ. Чухал ахиц дэвшил гарсан. Үүний дараа би Европын зарим холбоотнуудад мэдээлэл өгсөн. Энэ дайн дуусах ёстой гэдэгтэй бүгд санал нийлж байгаа бөгөөд бид ойрын өдрүүд, долоо хоногуудад үүнийг дуусгахын төлөө ажиллах болно. Энэ асуудалд анхаарлаа хандуулсанд баярлалаа!" хэмээн бичжээ.
Харин тусгай элч Стив Уиткоффын Кремльд В.Путинтай хийсэн уулзалт дөрөвдүгээр сарын сүүлчээр болсон уулзалттай ижил, гурван цаг орчим үргэлжилсэн гэж Кремлийн мэдэгдэлд дурдсан байна. Мөн В.Путины туслах Юрий Ушаков уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлэхдээ “Украины хямрал” болон “Орос, АНУ-ын стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв”-ийн талаар “маш ашигтай, бүтээлч яриа болсон” гэжээ.
Эх сурвалж: BBC