СУРВАЛЖИЛГА: Шүлхий гарсан Гачууртын айлууд руу нэвтрэх замын хөдөлгөөнийг хааж, онцгой, цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарчээ

СУРВАЛЖИЛГА: Шүлхий гарсан Гачууртын айлууд руу нэвтрэх замын хөдөлгөөнийг хааж, онцгой, цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарчээ

Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин” илэрсэнтэй холбоотойгоор “Хорио цээрийн дэглэм” тогтоосон. Уг асуудалтай холбоотойгоороо бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

ВИДЕО: 

-ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ СУНГАХГҮЙ. ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМД ШИЛЖҮҮЛНЭ-

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Гачууртын Шар хоолой аманд суурьшиж байсан малчны үхэрт долдугаар сарын 10-ны өдөр шинжилгээ хийхэд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан нь батлагдсан учир оношлогдсон есөн үхрийг устгалд оруулсан байдаг. Үүнтэй холбоотойгоор тухайн бүсэд “Хорио цээрийн дэглэм” тогтоож, иргэдийг долдугаар сарын 12-ны шөнийн 00:00 цагаас эхлэн наймдугаар сарын 8-ны өдрийг хүртэл оруулж, гаргахгүй байхаар шийдвэрлэсэн. Харин цаашид хорио цээрийн дэглэмийг сунгахгүй бөгөөд хязгаарлалтын дэглэмд шилжүүлэн ариутгал, халдваргүйтгэлийг хийх бэлтгэл ажлыг ханган хүн, автомашин техник хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ.

Иймд бид Гачууртын Шар хоолой аманд очиж “Хорио цээрийн дэглэм”-ийг хэрхэн тогтоосныг сурвалжилсан юм. Тус аманд 500 гаруй зуслангийн айл өрх байдаг ба хөл хорио тогтоосон бүсэд 11 өрх байгаа аж. Тухайн газарт нэвтрэх замын хөдөлгөөнийг бүхэлд нь хааж нэвтрэх хэсэгт шуудуу, улаан тууз татан хязгаарлаж, онцгой, цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарчээ. Мөн Гачуурт эрүүл мэндийн төвөөс эмнэлгийг тусламж, үйлчилгээг хариуцаж өдөр бүр жижүүр гаргасан байна.

Биднийг очих үед Гачууртын хязгаарласан бүс хүртэл авто замын шинэчлэлтийн ажил хийж буй ажилчдаас өөр иргэдийн хөдөлгөөн байсангүй. Хэсэг хугацааны дараа Нийслэлийн мал эмнэлгийн газрын ариутгалын автомашин “Хорио цээрийн дэглэм” тогтоосон газарт ариутгал хийгээд ирэхтэй таарлаа.

Тус бүсэд түргэн тусламж, ариутгалын автомашин гэх зэрэг холбогдох албаныхан нэвтрэх боломжтой. Орохдоо автомашины дугуйг ариутган, халдвар хамгаалалтын бүрэн хувцас өмсөн орж, гарахдаа ариутгаж, бүртгүүлж, зөвшөөрөл аваад нэвтэрдэг байна. Зарим мэдээлэлгүй иргэд тус постод тулаад буцахтай ч таарав. Алба хаагчид иргэн бүрт мэдээлэл өгч, орох боломжгүйг тайлбарлан буцааж байв. “Хорио цээрийн дэглэм” тогтоосон хугацаанд худал хэлж, хулгайгаар нэвтрэх зэрэг хэд, хэдэн зөрчил илэрчээ. Мөн зарим иргэд бараа материал, зөөврийн сууц ачиж ирээд нэвтрэх боломжгүй тул зорчих хөдөлгөөн нээхээр оруулна хэмээгээд постын гадна үлдээжээ.

-НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ БҮХ МАЛД ХИЙЖ ДУУССАН-

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын талаар НМЭГ-ын Мал амьтны эрүүл мэндийн хэлтсийн дарга Я.Дагвадоржоос тодрууллаа. Тэрбээр нийслэлийн хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг ажлыг бүх малд хийсэн. Тухайлбал шүлхий өвчин тусдаг хивэгч мал буюу хонь, ямаа, үхэр, гахайг вакцинжуулалтад хамруулж дууссан. Нийт 312 мянган малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулсан.

Оршин суугчдын тэлэлтээс шалтгаалж зуслангийн бүс мөн тэлж, барилгажилт ихэссэнээс болоод малын янз бүрийн халдварт өвчин гарахад хөл хорио тогтоож, арга хэмжээ авахад нийслэлийн хэмжээнд хүндрэлтэй байдаг. Учир нь тухайн малын тооноос илүү хүний хөдөлгөөнтэй бүс нутаг болж байна.

Тэгэхээр нийслэлийн хэмжээнд малгүй бүсээ тэлэх, малчин болон малтай өрхүүдээ малгүй бүсээс гаргах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авахгүй бол зуслан, малын бэлчээр давхцаад ирэхээр асуудлууд их үүсдэг.

Хөл хорио тогтоодог гоц халдварт хонь, ямааны цэцэг, үхрийн арьс товруутах өвчнүүдийн вакциныг энэ сарын дундуур хийх гэж байна. Халдварт өвчнөөс хамгийн их тохиолддог нь бруцеллёз өвчин. Бруцеллёз нь бруцеллын төрлийн нянгаар үүсгэгддэг халдварт өвчин. Халдвартай мал, халдвартай малын гаралтай бүтээгдэхүүнээр дамжиж халдвар тардаг. Тус өвчний дархлаажуулалт наймдугаар сарын сүүлээр эхэлнэ. Иргэдэд анхааруулж хэлэхэд мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг түүхий буюу шүүрхийгээр нь идэхгүй аль болох бүрэн болгож хэрэглэх, дээрх өвчнүүдийн шинж тэмдэгтэй мал байвал тухайн малтай харьцсан тохиолдолд сум, дүүргийн засаг захиргаа, мал эмнэлэгт мэдэгдэх,  мөн өөр малчин өрх, малын бэлчээрээр явахгүй болгоомжтой байхыг зөвлөж байна" гэв.

Гачууртын Шар хоолой аманд долдугаар сарын 9-ны өдөр шүлхий өвчний шинж тэмдэг анх илэрч иргэд болон холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авсан аж. Эс бөгөөс баяр наадам амралт зугаалгын үед сэрэмж алдаж тус өвчин мал, амьтанд дэгдсэн бол нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэл байжээ.