Зодооны хэргээр гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нь оргон зайлсан гэгдэж буй “Говь” компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлажээ

Зодооны хэргээр гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нь оргон зайлсан гэгдэж буй “Говь” компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлажээ

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Cante” шөнийн цэнгээний газрын гадна долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM” группын эзэн, Улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан нар иргэн С-ыг бүлэглэн зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.

Улмаар Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг яллагдагчаар татагдан, нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа. Харин зодооны хэрэгт холбогдсон Б.Амарсайханыг яллагдагчаар татсан ч улсын хилээр гарч явсан тул интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл бий.

Тэгвэл Б.Амарсайханы гүйцэтгэх захирлаар ажилладаг “Говь” ХК ирэх есдүгээр сарын 08-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хийхээр зарласан байна. Уг ээлжит бус хурлаар "Компанийн хэлбэрийг өөрчлөх", "Компанийн дүрмийг шинээр батлах" аж. Харин уг хуралд “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.