Засгийн газраас тог цахилгаан дулааны төлбөрийг нэмэх шийдвэр гарсан. Мөн татвар хураамж төлбөрүүдийг багадаа 20 хувь нэмэгдүүлээд байна. Энэ бүхэн иргэдийн, аж ахуйн нэгжүүдийн амьдралд хэрхэн бууж байгаа талаар бид “A&G happy dream life" компанийн гүйцэтгэх захирал Д.Амаржаргалтай ярилцлаа.
ВИДЕО:
Танайх ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Манайх хүүхдийн чиглэлээр монголдоо архи дарсгүй хүүхдийн ресторан ажиллуулдаг. Би долоон жилийн өмнө энэ салбарыг нээхдээ хоёр салбартай, хүүхдийн энтертайнменттай, хүүхэд гэр бүлд үйлчилдэг ямар ч алкохолгүй газар нээе гэж зорьсон. Үүндээ ч хүрсэн. Тууштай явсаар байна. Зөвхөн хоолоор эргэлт олдог. Гэтэл махны үнэ “Цагаан сар”-аар 24000 хүрсэн. Тэгээд хоолны цэснийхээ үнийг нэмье гэхээр иргэд үйлчлүүлж чадахгүй болчихно. Бүх зах зээл дороосоо эхлээд хумигдаад худалдаачдаасаа эхлээд үнэ төлбөр нь нэмэгдээд явчихаар ард иргэдийн нуруун дээр Засгийн газрын 200 тэрбум шууд орж ирсэн. Энэ 200 тэрбумын татварыг төлөх гэж бид нухлагдаад эдийн засгийн хямралд ороод монголоосоо зайлах хэмжээнд хүрч байна.
Одоо би өнөөдрөөс эхлээд алкохол зарья гэж бодож байна. Ингэхээр энэ олон залуусыг эргээд алкохолд уруу татах бас нэг эх үүсвэр нэмэгдэнэ гэсэн үг. Миний зорилго бол гэр бүлийн, хүүхдийн төлөвлөлттэй үйлчилгээг бий болгох. Гэвч энэ зорилгоосоо ухрахаас өөр аргагүй болж байна. Зөвхөн хоолноос ашиг харах хэцүү болж байна. Тэгэхээр бидний нуруун дээр нэмээд алкохолны дарамт ирнэ.
Танай байгууллага дээр өнөөдөр ямар асуудал үүсээд байна вэ?
Манайх хоёр салбартай байсан. Татварын дарамт, үнийн өсөлтөөс болоод бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. 50 хүний зал 30-40 хүн авах хэмжээний эргэлттэй болсон. Түрээслэгч маань үнээ нэмж эхэлсэн. Тэр түрээслэгчид буруу байхгүй шүү дээ. Адилхан л цаанаас нь тэр обьектуудын зардал нэмэгдсэн болохоор түрээсээ нэмж байгаа. Бид тэр салбараас үнэхээр ашиг байхгүй болсон. Ашиггүй болоод хүмүүсээ халахгүйн тулд тэр салбарт ажиллаж байсан хүмүүс энэ салбартаа татаж ажиллуулж байна. Одоо тэр салбарын маань менежер захирал байсан хүн энд зохион байгуулагч, зөөгч хийгээд явж байна.
Улсын төсвийг бүрдүүлж байгаа аж ахуйн нэгжүүд бүгдээрээ шантарч эхэлж байна. Рестораны салбарт гэхэд миний мэдэхээр хүүхдийн энтертайнмент үйлчилгээтэй кафе ресторануудаас он гараад арваад нь татан буугдчихлаа. Маш гоё эвентүүд нээгдчихсэн байсан. Арваад нь бас дахиад татан буугдчихлаа. Бүгд үнийн өсөлт, татварын дарамтаас болж байна. “Танайх яасан бэ” гээд асуухаар “Гадагшаа явья даа. Ямар ч арга алга” гэж байна. Энэ бол зөвхөн миний мэдэж байгаа салбар. Ямар ч байсан бүх үйлчилгээний салбаруудаас бүх хүн дайжиж байна.
Энэ бүгдээс харахад манайх тэлж томроно, урагшилна гэсэн итгэл байгаад Монгол Улсдаа хөрөнгө оруулалт хийе, хүүхдийн салбарыг гоё болгоод гаргаад ирье. Энтертайнмент госплэй урлагийг монголд гаргаж ирсэн газар чинь манайх. Бүх госплэйг гаднаас авахгүй дотооддоо үйлдвэрлэе гээд үйлдвэрийн цех, бүх дамжлагуудаа нээчихсэн. Гэвч одоо бүгд зогсонги байдалд орчихоод байна. Яагаад гэхээр тогны үнэ нэмэгдчихсэн. Бор /химийн элемент/-ын машин бүх зүйлс тогоор ажилладаг. Бид госплэй урлагаа хийхийн тулд хэдэн сая төгрөгийн үнэ гаргана. Тийм өндөр үнээр иргэд энэ үйлчилгээг авч чадахгүй. Тэгэхээр бүх үйлдвэрлэл бүх шатандаа зогсонги байдалд орчихлоо. Үүнийг төр засаг маань ойлгоосой.
Манай байгууллагын хувьд улсад татвар гэхээс илүү бүх ашгийнхаа ихэнх хувийг улсад өгдөг. Яагаад гэхээр цахилгааны үнэ нэмэгдсэн. Манайх квадрат метрээрээ бодоход цахилгааны зардалд 2.5-3 сая төгрөг өгдөг болоод байна.
-Цахилгааны төлбөр өнгөрөгч 11 сараас нэмэгдэж эхэлсэн. Түүнээс хойш танай өрхийн цахилгааны төлбөр 1.7 сая болсон юм байна. Үүнээс өмнө сард хэдэн төгрөг гардаг байсан бэ?
Хамгийн аймар нь өрхийн төсөвт бид цахилгаан дулааны үнийг 500 мянгад барьдаг байсан. Он гараад шууд 1.7 сая болчихлоо. Миний хүү ажил хийдэг. Дөрвөн хүн ажиллаад нэгийнх нь цалин шууд цахилгааны мөнгөнд явж байна. Ийм байж болохгүй биз дээ. Цахилгааны мөнгөний төлөө хүү минь нэг сар хүний дор боол хийж байгаа юм уу. 600 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг эмээгийн цахилгааны төлбөр 610 мянга гарч байна. Тэр эмээ цахилгааны төлбөрөө төлөхийн тулд 10 мянган төгрөг зээлж тэтгэвэр дээрээ нэмээд төлбөрөө төлж байна. Тэр эмээ насаараа ажиллаж, татвар төлснийхөө төлөө улсаас авч байгаа тэр мөнгөө улсад буцаагаад өгөх ёстой юу. Тэгснээс лаа бариад, нүхэн жорлонтой, монгол гэртээ буцаад орсон нь дээр болж байна. Ер нь иргэд амьдрал хэзээ ч дээшлэхгүй юм байна гэдгийг эндээс ойлгож эхэлж байгаа болов уу.
Хамтарсан засгийн газар гэхээсээ илүү хамтарсан татварын дарамт үүсчихээд байна. Яагаад вэ гэвэл нэг намын бодлоготой байхад дарамт 50 хувь ирдэг байж. Одоо бол 85 хувь ирдэг болоод байна. Дулааны үнийг 85 хувь нэмэхээр болсон. Яг түүнтэй ижил 85 хувийн ачаалал иргэдийн нуруун дээр ирж байна. Эдийн засаг сүйрлээ бол энэ эх оронд чинь амьдрах хүн байхгүй болно.