У.Бямбасүрэн: ЭТТ ХК-ийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын явцад хууль зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдийг АТГ-т шилжүүлсэн

У.Бямбасүрэн: ЭТТ ХК-ийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын явцад хууль зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдийг АТГ-т шилжүүлсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Засгийн газраас ЭТТ ХК-д томилсон бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн өнгөрсөн сарын хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Онцгой дэглэм тогтоохоос өмнө компанийн гол үзүүлэлтүүд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19-61 хувиар буурсан байсан. Ноднин 17.1 сая тонн нүүрс олборлож байсан бол 13.8 сая болж буурсан байх байх жишээтэй. Харин онцгой дэглэм тогтоосон хугацаанд гадаад талд буюу БНХАУ-ын Ганцмод боомт дахь нүүрсний үнэ өсөж, наймдугаар сарын 10-ны байдлаар 1000 орчим юаньд хүрсэн байна. Мөн биржийн борлуулалт нэмэгдлээ. Энэ оны эхний хагас жилд 85 арилжааны 20 нь л амжилттай болсон байсан. Харин онцгой дэглэм тогтоосон долдугаар сарын 1-нээс хойш 29 арилжаа зохион байгуулсны 23 нь амжилттай болсон. Өнөөдөр мөн гурван арилжаа зохион байгуулж, гурвуулаа амжилттай боллоо. Долдугаар сарын 1-нээс хойш биржийн арилжаагаар олсон орлогын тал хувийг өнөөдөр оллоо гэдгийг мэдээлэхэд таатай байна. Тус компанийн орлого сайжирч байна. Биржийн тээвэр 100 мянган тонн байсан бол 400 мянга болж өссөн. Зогсож, гацаад байсан биржийн арилжаа хөдөлж эхэллээ.

Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний ачилт, мөнгөн дүн сүүлийн таван долоо хоногт тогтмол өсөж, долоо хоногт дунджаар 600 мянган тонн нүүрс, ачиж 30 гаруй сая ам.доллар тогтмол олж байгаа. Гашуунсухайтаар нэвтэрсэн тэвэврийн машин 462 байсан бол 765 болж нэмэгдлээ. Ачилтын өдрийн дундаж хэмжээ 102 мянга болж өсөөд байна.

“Чайна энержи”-гийн гэрээний ачилт 5.5 дахин, урт хугацаат тээвэр 74 хувиар, биржийн гэрээний өдрийн дундаж өсөлт 76 хувиар тус тус нэмэгдлээ. Мөн зарим төслүүдэд онцгой арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Энэ хүрээнд нүүрс ачиж буулгах логистикийн төвд дотоод хяналт шалгалт хийсэн. Төлөвлөлт, бүтээн байгуулалтын явцад хууль зөрчсөн хувь хүн, хуулийн байгууллагыг АТГ-т өгсөн. Мөн нүүрс баяжуулах үйлдвэрийн байршлыг үндсэн уурхайгаас хол сонгож, конвейрээр нүүрс зөөх шаардлага үүсгэсэн асуудлыг бас шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн байгаа.

Логистикийн төвийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд төсөл хэрэгжүүлэгч “Бодь интернэйшнл групп”, “Тавантолгой төмөр зам” компани хамтран дөрвөн ачилт хийлээ. Одоогоор илрээд байгаа доголдолд эвдрэл гэмтлийг засах тохиролцоонд хүрсэн. Удахгүй энэ асуудлууд шийдэгдэнэ. Цаашлаад хамгийн их маргаан дагуулдаг худалдан авах ажиллагааг нэг удирдлагатай болгох ажлыг ирэх сарын 1 гэхэд хийж, цэгцэрүүлнэ.

ЭТТ компанийн үйл ажиллагааны зардлыг 16 хувиар бууруулна. 200 тэрбумаар хөрөнгө оруулалт хасна. ЭТТ ХК-иас төрд төлөх ёстой ноогдол ашгийг өглөгийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр төсөл хөтөлбөрт холбоотой өглөг, авлагыг суутган тооцож байна. Компанийн бизнес төлөвлөгөөг 2026-2028 онд боловсруулж байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн стратегитэй нягт уялдуулна. Энэ сард хийсэн ажлуудыг ирэх есдүгээр сард танилцуулна ” гэлээ.