Зам тээврийн ослын шалтгаан болж, олон хүний амийг авсан скүүтер, суррон, мопедын хөдөлгөөнийг 9 сарын 1-ээс өмнө хязгаарлахыг иргэд хүсэж байна

Зам тээврийн ослын шалтгаан болж, олон хүний амийг авсан скүүтер, суррон, мопедын хөдөлгөөнийг 9 сарын 1-ээс өмнө хязгаарлахыг иргэд хүсэж байна

Урин дулааны улиралд нийслэлчүүдийн хувьд энгийн болон цахилгаан дугуй, скүүтер, мопед зэргээр замын хөдөлгөөнд оролцдог “цухас үе”. Эрс тэс, хүйтэн сэрүүн нь давамгайлдаг манай улсын хувьд жил бүрийн тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл хоёр дугуйт тээврийн хэрэгслийг унахыг зөвшөөрдөг. Гэтэл явган хүн ч тайван алхчих замгүй бидэнд цахилгаан дугуй, скүүтер, мопед зэргээр зорчих зориулалтын зам нүдний гэм. Нөгөө талд хууль дүрэм баримталдаггүй иргэдийн хандлага энэ төрлийн шалтгаант осол буурахгүй байх, цаашлаад амь насаа алдах шалтгаан болж байна.

ВИДЕО:

-ТАВДУГААР САРААС УНАХЫГ ЗӨВШӨӨРДӨГ ХОЁР ДУГУЙТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ОСЛЫН 5400 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ-

Хэдхэн тоон мэдээлэл дурдъя. ГССҮТ-өөс мэдээлснээр,  2022-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал 2022 онд 50, 2023 онд 305 бүртгэгдсэн байна. Харин 2024 оны байдлаар тухайн шалтгаант осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 74.4 хувиар буюу 1.7 дахин өссөн үзүүлэлт аж. 2024 онд дээрх шалтгааны улмаас гурван хүн амиа алдсан байна.

Тэгвэл энэ оны эхний долоон сарын байдлаар суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй ослын нийт 5400 тохиолдол ГССҮТ-д бүртгэгджээ. Уг ослын үед толгой, гавал, тохой, шуу, өвдөг, шилбэ, хэвлий зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна. Цаашлаад амь насаа алдах ч эрсдэл бий. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр мопедтой зорчигч суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас газар дээрээ нас барсан тохиолдол ШШҮТ-д бүртгэгдсэн байдаг. Энэ бол ердөө нэг жишээ. 2025 оны эхний зургаан сарын байдлаар энхийн цагт уг ослоор 16 хүүхэд эрдэнэт амиа алдсан байна.

ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Наранхүү “Сүүлийн үед скүүтэр, цахилгаан дугуй зэрэг тээврийн хэрэгслүүдийн хэрэглээ их болсон байна. Үүнтэй холбоотой осол гэмтэлд өртөх нь нэмэгдлээ. Үүсч байгаа гэмтлүүд ноцтой байна. Жишээ нь скүүтрийн руль нь цээжнээс доор байрладаг учир огцом унах үед үрүүлд хэвлий цохигдож, цээж хэвлийн хүнд гэмтлүүд учирч байна. Зам тээврийн осолд орсноор гавал толгойн ноцтой гэмтэл учир ч өвчтөнүүд маань нэлээн хүнд байдалд байна. Дурдаад байвал маш олон тохиолдол байна. Ажиглахад нэн тэргүүнд тухайн тээврийн хэрэгсэлд зориулсан зам талбай алга. Нөгөө талт тээврийн хэрэгслийн зохистой хэрэглээ алга. Массыг хамарсан гэмтэл үүсэж байгаа нь маш их асуудал дагуулж байна. Дурдвал дээд, доод мөчдийн гэмтэл мөн ясны цууралт, тохой болон шууны гэмтэл, өвдөг болон шилбэний гэмтэл, хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зэрэг зонхилон тохиолдож манай эмнэлэг дээр ирж байна л даа. Тус тээврийн хэрэгслүүдийг зүй зохистой хэрхэн ашиглах талаар мэдлэг дутмаг байх шиг байна. Тиймээс энэ талаар иргэдэд анхааруулж, мэдээлэл түгээх, хяналт тавих нь чухал гэж бодож байна” гэв.

-МОПЕД, ДУГУЙ, СКҮҮТЕРИЙГ БАГАДАА 16-ААС ДЭЭШ НАСНЫ ХҮН УНАЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО-

Нийт ослын тохиолдлын 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй. Үүнээс 45.9 хувийг 10-19 насныхан эзэлж байгаа нь бусад насны бүлэгтэй харьцуулахад их байгаа юм. Уг нь бол хуулиараа ямар насны, иргэн хэрхэн замын хөдөлгөөнд оролцохыг заагаад өгчихсөн. Тухайлбал, сурроныг 18 насанд хүрсэн ангиллын жолоодох эрхийн “А” үнэмлэхтэй хүн жолоодно. Харин мопед, дугуй, скүүтерийг 16-аас дээш насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм

Хорин тав. Унадаг дугуй, мопедоор хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлага

25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараахь тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно:

        а/ унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд;

        б/ ачаатай буюу ачаагүй өргөн нь 1 м-ээс илүү бол;

        в/ зохион байгуулалттай цуваагаар яваа үед.

25.5. Энэ дүрмийн 25.4-т заасны дагуу зорчих хэсгийн захаар байрлан явахад хүндрэлтэй буюу боломжгүй байвал унадаг дугуй, мопед нь хөвөөгөөр, эсхүл унадаг дугуй нь явган хүний замаар явж болох бөгөөд ингэхдээ аюулгүй байдлыг хангаж, хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй, явган зорчигчдод саад учруулахгүй байвал зохино. Хэрэв явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй байвал бууж явгалан, явган зорчигчийн үүргээр хөдөлгөөнд оролцоно.

25.9. Унадаг дугуй, мопедын жолоочид дараахь зүйлийг хориглоно:

        а/ зам дээр жолоодлогын (унаж сурах) дадлага хийх, сайтар дадлагажаагүй үедээ замын хөдөлгөөнд оролцох;
        б/ залуурыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах;

        в/ унадаг дугуй, мопедын овроос уртаашаа буюу өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэх;

        г/ зорчигчид зориулсан суудалгүй тохиолдолд буюу ачааны зориулалттай тэвшинд хүн тээвэрлэх;

        д/ 7 хүртэлх насны хүүхдийг зориулалтын нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэлгүйгээр тээвэрлэх;

        е/ өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг тээвэрлэх;

        ж/ зориулалтын чиргүүлээс бусад зүйлийг чирэх, тээврийн хэрэгслээр чирүүлэх.

Сар хүрэхгүй хугацааны дараа хичээл сургууль эхлэх гэж байна. Энэ үед өсвөр насны хүүхдүүд бие даан хичээлдээ явдаг. Энэ үед дээрх ослын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаад эмч, мэргэжилтнүүд сэтгэл чилээж байна. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хууль журмыг хэлж ойлгуулах нь чухал. Мөн зам тээврийн ослын шалтгаан болж, олон хүний амийг авсан скүүтер, суррон, мопедын хөдөлгөөнийг 9 сарын 1-ээс өмнө хязгаарлахыг иргэд хүсэж байна.

Иргэдийн төлөөлөл, “Замын хөдөлгөөнд оролцоход үнэхээр хүндрэлтэй байна. Түгжрэлтэй хотын амьдралд байх ёстой асуудал ч хаанаас ирээд хэн мөргөчих бол гэдэг айдастай байна. Зөвхөн явган хүний асуудал биш, автомашинтай хөдөлгөөнд ч оролцоход хүндрэлтэй байгаа. Бага насны хүүхдүүд давхарлалдаж, суугаад давхиад байгааг харахаар үнэхээр их айдаг. Хичээл сургууль эхлэхээс өмнө суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй зэргийг цэгцлэх хэрэгтэй байна. Амь насаа алдсан, осолд орсон мэдээ мэдээлэл их сонсогддог. Хичээл эхлэхтэй зэрэгцэн улам л нэмэгдэх байх” гэв.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө