Э.Цэндбаатарын ээж Г.Болормаа: Хүүгийнхээ тоглолтыг үзэхээр очсон ч, зүрх шимшрээд харж чадаагүй /ВИДЕО/

Э.Цэндбаатарын ээж Г.Болормаа: Хүүгийнхээ тоглолтыг үзэхээр очсон ч, зүрх шимшрээд харж чадаагүй /ВИДЕО/

"Олимпын аварга болно" гэх том зорилго тээж, арван хэдхэн настайдаа боксын спортоор хичээллэж эхэлсэн Э.Цэндбаатар өдгөө Монголдоо төдийгүй Ази тивд гайхагдаж, нэр алдраа мандуулж байна. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө болсон Олон улсын мэргэжлийн боксын дөрвөн гол холбооны нэг болох Дэлхийн боксын холбооны (WBA) Төв Азийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд Мексикийн тамирчин Педро Родригезийг ялж, аваргын зургаадах бүсээ зүүсэн билээ.

Түүний энэхүү ялалт амжилтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс эхлээд нийт ард түмэн нь эдгээр өдрүүдэд хуваалцан баяр хүргэж буй. Тиймээс бид энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээж Г.Болормааг урин ярилцлаа. 

ВИДЕО: 

-Хүүгийнх нь зургаа дахь ялалтаа авсан тэмцээнийх нь талаар яриагаа эхэлье. Хүүгээ ялалт авах мөчид танд ямар сэтгэгдэл төрж байв?

-Дэргэдээс нь үзэхээр их хэцүү юм билээ. Түгшээд харж чадаагүй. Өмнө нь хүүгээ тэмцээнд орж байхад нь дэргэдээс огт үзэж байгаагүй юм. Саяны тэмцээнийг нь л анх удаа үзлээ. Бүр хойно нь очиж зогсоод харж чадаагүй. Цохилтын чимээ нь ч эвгүй сонсогддог юм билээ. Хүмүүсийн орилж байгаа дуунаар л хожиж байгаа юм байна гэж бодоод, хожчихлоо гэсний дараа нь арын өрөөнд нь очиж хүүгээ үнсэж, баяр хүргэсэн дээ.

-Тухайн үед хүүгээ ялахыг хараад ямар мэдрэмж төрж байв?

-Гоё юм билээ. Тэр олон хүмүүсийн дэмжлэг, эрч хүч нь их дэмжлэг болдог юм байна. Өөрөө ч их баяртай байх шиг байсан. Хүү маань их ганцаардаж, их шаналж байсан байх. Томоохон тэмцээний зар дуулгачихсан болохоор түүнийгээ бодож их стресстдэг юм шиг байгаа юм. Тэмцээн уралдаанд нь нөхөр бид хоёрын хувь нэмэр ч гэж ямар байх биш. Боксын холбоо болон багш нарынх нь дэмжлэгээр л хүүгийн маань бүх ажил үйлс сайхан бүтээд явж байна даа.

-Олон хүн хүүг тань уухайлан дэмжиж байсан тэр мөчид хүүгээрээ бахархах сэтгэл төрж байв уу?

-Монголд зохиогдож байгаагүй томоохон тэмцээнийг ийм гоёор нь зохион байгуулж, нэг орой ч гэсэн үзэгч олныг баясгаж, хүмүүс ч дэргэдээс нь харах их гоё байсан байх. Хөдөө орон нутгаас, гадаадаас ч олон хүн зорьж ирж үзсэн байна лээ. Хөдөөгөөс ирсэн ах, дүү нар нь хүртэл зориод ирчихсэн болохоор дүүтэйгээ л нэг уулзмаар байна гээд хүлээгээд л байгаа. Өчигдөр Ерөнхийлөгчтэй уулзаад ордон дотор явж харагдана лээ. Хүүгээрээ их л бахархаж байна даа.

-Э.ЦЭНДБААТАР БАГАДАА ИХ САХИЛГАГҮЙ ХҮҮХЭД БАЙСАН-

Э.Цэндбаатар ээж Г.Болормаагийн хамт

-Э.Цэндбаатар хүүхэд байхдаа ямар хүүхэд байв?

-Их хөдөлгөөнтэй, багаасаа л боксын тамирчин болно гэсэн мөрөөдөлтэй хүү байсан. Одоо л хүүгийн маань мөрөөдөл биелж байх шиг байна.

-Танай удамд боксын спортоор хичээллэж байсан хүмүүс байдаг болов уу?

-Байдаг юм билээ. Манай аавын төрсөн дүүгийнх нь хүүхэд н.Дугар гэдэг ах боксоор хичээллэж байсан. Тэрийг нь сүүлд л мэдсэн. Хүүгээ бокст их дуртай байхаар нь манай удамд боксын удам бий болов уу гээд сураглаад үзээд нэг хүн байсныг нэлээн сүүлд мэдсэн.

-Э.Цэндбаатар анх хэдэн настайгаасаа боксоор хичээллэж эхэлсэн бэ. Мөн анх боксоор хичээллэх санааг нь танай гэр бүлийнхэн хэрхэн хүлээж авч байв?

-Хүү маань цэцэрлэгт байхдаа үймүүлээд зүгээр суудаггүй байсан. Айлын хүүхэд зодчихно. Тэгээд л хөдөө явуулна. Хөдөө ойр хавийнхаа хүүхдүүдтэй загас барьж, хурдан морь унаж өссөн хүүхэд байгаа юм. Харин хотод орж ирээд 57 дугаар сургуульд оруулсан. Гэтэл мөн л сургуулийнхаа хүүхдүүдийг зодлоо гээд байсхийгээд л дуудагддаг байсан даа. Тухайн үед "Би яагаад айлын хүүхэд зоддог ийм хүүхэд төрүүлчхэв. Ер нь байсхийгээд л цагдаад дуудагддаг болох юм байна даа" гэж хүртэл бодож явсан. Манай хүү ер нь их сахилгагүй, цүнх саваа хаячихна эсвэл хувцас хунараа ураад ирдэг хүүхэд байсан. Тийм болохоор манай дүүгийн хүү Молор-Эрдэнэ маань Э.Цэндбаатарыг боксын дугуйланд оруулна гээд анх авч явж байсан. Тэгээд л Энхтайван багшийн удирдлага дор хичээллэж, энэ спортод орж байсан юм. Хүүгээ боксын спортоор хичээллэж эхэлнэ гэхээр нь Толгой тархиа гэмтээхвий гээд эхэндээ айж л байсан.  Нөгөө болохоор угаасаа зодоон цохиод хийгээд байдаг хүн энэ нь дээр юм уу гэж бодоод зөвшөөрсөн. Харин хүү маань "Багш намайг улсын аваргад ороод алтан медаль авбал үнэгүй тоглуулна гэсэн" гээд л орсон цагаасаа шаргуу хичээллэж, улсын аварга болж байсан. Үүнээс хойш олимпын аварга болно гээд олон уралдаан тэмцээнд орж, медаль авч аав, ээжийгээ баярлуулсан даа. 

-Та тухайн үед хүүгээ энэ спортоор хичээллүүлэхгүй гэж цааргалж байсан уу?

-Би олимпын аварга болоод мэргэжлийн бокс руу орно гээд байхаар нь хоорондоо зодолдоод цус нөжөө гоожуулаад л байдаг спорт гэж ойлгоод "Би тийм юманд чамайг тоглуулахгүй шүү. Онгоцны буудал дээр хөлөөс чинь зүүгдээд явуулахгүй шүү" гээд л эсэргүүцдэг байсан. Харин Цэндбаатар "Ээж нь энэ спорт таны бодож байгаа шиг бишээ. Зүгээр санаа зовох юмгүй" гээд л өөрийнхөө зорилгын төлөө явсан даа.

-Ер нь Э.Цэндбаатарын тухайд маш их хөдөлмөрч хүүхэд юм гэж харагддаг л даа. Маш их жин хасдаг, бэлтгэлийн бааз дээр хөлсөө дуслуулж байгааг нь харахаар яалт ч үгүй хөдөлмөрч, боксын төлөө, ялалтын төлөө төрчихсөн хүүхэд юм уу гэж харагдаад байдаг?

-Хүүхэд байх үеэсээ л шартай, хүрэх гэсэн зүйлдээ хүрдэг, айлын хүүхдүүдтэй зодоон хийлээ гээд эгч нь загнахаар “Би Олимпын аварга болно” гээд уйлдаг байсан. Шөнө хамт унтсан хүнээ зүүдэндээ зодож, цохиод байдаг. Аргаа бараад унтсаных нь дараа хөл гарыг нь хүлдэг байсан.

-ХҮҮ МИНЬ ХОЁР Ч УДАА ҮХЭЭД БОСОЖ ИРСЭН-

-Өнөөдрийн ялалт үнэ цэнтэй олдсон гэдэг дээр маргах зүйлгүй. Цэндбаатар ямар зам туулсан гэдгийг монголын ард түмэн мэдэж байгаа. Хүүгээ унаж, ялагдаж явах үед нь танд ямар мэдрэмж төрж байв. Тэр үед нь ямар сургаал хэлдэг байв?

-Тэр үедээ хоёр ч удаа үхээд босож ирсэн дээ. Машин тэргэнд дайруулж, ухаангүй боллоо. Нүүр амаар нь дүүрэн сорви гарлаа. Нүцгэн шалдан ч гүйж үзлээ. Янз бүрийн юм их үзсэн. Тэр болгонд нь л “Одоо ингээд дуусдаг юм байна” гэж л бодогдож байсан. Гайгүй болоод ирэхээр нь “Чиний өөрийн чинь сахилгагүй байсны үр дагавар. Одоо чи яах гэж байна. Чиний буруу бол хөдөө гарч малаа малла. Чиний зөв бол гар хөл чинь бүтэн байна. Олон түмэнд өөрийгөө харуул” гэж хурцалдаг байсан. Хүүгээ алдаж явахад нь итгэл алдарсан удаа надад байхгүй.

-Боксын холбооноос хөөгдөөд хадаг дэлгээд сууж байхад нь танд ямар мэдрэмж төрж байсан бэ. Боксын холбоонд та гомдож явдаг уу?

-Юунд нь ч гомдох вэ дээ. Тухайн үедээ аль алиных нь л буруу байсан байх. Өөрийнхөө төөрөг зургаар л явсан байх. Буруу зөв нь хүмүүсийн нүдэн дээр ил байгаа шүү дээ.

-Хүүгээ “Олимпын аварга болно”, “Дэлхийн тамирчин болно” гэж хэлж байх үед нь та итгэж байсан уу?

-Итгэж байсан. Угаасаа л “Олимпын аварга” болно гэдэг хүн байсан. Одоо тэр олимпын аваргадаа хүрэх байлгүй дээ. Жоохных нь бичлэг хүртэл байдаг шүү дээ. Одоо тэр яриад байсан зүйлдээ миний хүү их ойрхон ирээд байна.

-ТОМ ОХИН НЬ ААВЫГ ЦОХИУЛАХААР ӨРӨВДӨӨД УЙЛААД БАЙДАГ. ХАРИН БАГА НЬ БОСКЧИН БОЛНО ГЭДЭГ-

Э.Цэндбаатар охидын хамт

-Сүүлийн тэмцээн дээр том охин нь аавыгаа хараад тэврээд уйлж байсан?

-Том охин нь угаасаа аавыгаа тоглоод цохиулахаар өрөвдөөд уйлаад байдаг гэсэн. Бага нь бол “Манай аав хожно оо” гээд тоохгүй байдаг. Бага охин нь “Би боксчин болно” гэдэг. 

-Ер нь боксын рингэ дээр байх мөч нь өрөвдөлтэй юм уу?

-Өрөвдөлтэй юм билээ. Аймар. Э.Цэндбаатар "Би хожно гээд зарлахаар л миний зүрх түгшээд сандраад байдаг. Хожигдчих вий дээ гэж бодохоос л нойр хүрэхгүй. Монголдоо байхаар нь их санаа зовдог. Гадаадад байхаар нь зүгээр.

-Яагаад Монголд байхаар нь санаа нь зовдог юм бол?

-Монголд байхдаа сахилгагүйтэж элдэв юманд орох вий гэж айдаг. /Уйлав/. 

-Магадгүй олон хүний магтаалд хөөрч, алдаж онох вий гэж айж, болгоомжилдог байх? 

-Тийм ээ.  Санаа зовоод байдаг юм. Монгол ирэхээр нь л янз бүрийн хүнтэй дарвиад хэрэг төвөгт орох вий, сахилгагүйтэж байгаад хүнд зодуулаад эсвэл хүн зодоод элдэв муу юм болох вий гэж айгаад, санаа зовоод Монголд байснаас гадаадад байсан нь дээр гэж боддог юм. Ер нь Монголдоо ирэхээр нь байнга л хаана явж байна, юу хийж байна гээд л утсаар ярина. Заримдаа утсаа авахгүй болохоор нь үнэхээр их айдаг юм. 

-Мэдээж ээж хүн үргэлж үрийнхээ төлөө санаа чилээж байдаг нь аргагүй байх. Алдаж онож явсан үе нь ч бодогддог байх? 

-Харин тийм ээ. Тэр үе нь л зүрхэнд орчихсон. Айгаад байдаг. 

-Дэлхийн аваргын бүсийн төлөө, Олимпын аваргын төлөө гээд дараа дараагийн олон том тэмцээн хүлээж байгаа байх. Хүүг нь?

-Хүүгээ Олимпоос медаль хүртэнэ гэсэн тэр л хүсэл мөрөөдлөө биелүүлээсэй, ирэх 2028 оны олимпод оролцоосой гэж маш их хүсдэг. Гэхдээ өөрт нь энэ талаар хэлж байгаагүй ээ. Би өөртөө л тэгж бодож, хүсдэг юм. 

-Монгол бөхөд дээлийнх нь захын мушгиад л дэмждэг шүү дээ. Боксын спортод ийм дом байдаг болов уу?

-Өөр дом гэхээс илүү дээлийнх нь захыг л мушгиад суудаг. Ер нь тоглолт эхлэхэд л ялах нь мэдэгдээд байдаг. Эрч хүч, хөнгөн шингэн байгаа байдлыг нь харахад андашгүй байдаг. Харин жингээ буруу хассан бол арай л өөр харагддаг юм. Энэ завшааныг ашиглаад хүүгийн минь энэ их амжилт баяр ялалт энэ бүхэнтэй нь үргэлж хамт байж, урам зориг, эрч хүч хайрлаж ирсэн монголчууддаа маш их баярлаж явдаг. Мөн багш дасгалжуулагч, ивээн тэтгэгч байгууллага, хувь хүн, найз нөхөд, ах дүү гээд хүүг минь дэмжиж байдаг бүх хүнд маш их баярлалаа гэж хэлье даа.