УИХ-ын гишүүн Э.Болормаагийн 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, гишүүн болсон гэх хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Болормаа нь УИХ-ын сонгуулийн үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас хандив авч, уг хууль бус хандиваа сонгуулийн компанит ажилдаа зарцуулсан болох нь Үндэсний аудитын газрын тайлангаар нотлогддог. Тиймээс ч Э.Болормаад холбогдох хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас шалгаж, улмаар харьяаллын дагуу Ховд аймгийн цагдаагийн газар руу шилжүүлсэн байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдох хэргийг Ховд аймгийн цагдаагийн газраас Мөрдөн байцаах алба руу шилжүүлж, шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд одоогоор УИХ-ын гишүүн Э.Болормааг яллагдагчаар татаагүй байгаа аж. Тэрбээр хэрэг шалгах ажиллагааны явцад хуулийн байгууллагын дуудсан хугацаанд тайлбар мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй бол заавал УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой юм байна. Харин мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан тохиолдолд Улсын Ерөнхий прокуророос түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д гаргах аж.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулийн компанит ажилдаа нийт 789 орчим сая төгрөгийг зарцуулсан байдаг. Үүнийх нь 460 сая төгрөгийг нь 17-н компани хандивласан бөгөөд эдгээрийн дотор гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани байсан нь Үндэсний аудитын газрын “нэгдсэн тайлан”-нд дурдагдсан байгаа юм. Тодруулбал, Э.Болормаагийн ХААН банкны 5107157116 тоот дансанд гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани 2024 оны зургаадугаар сарын 06-ны өдөр “бизнесийн орлого” гэсэн утгатайгаар хандив өгсөн байна.
Гэтэл Э.Болормаа уг хууль бус хандивыг буцаан шилжүүлээгүй гэдэг нь түүний 2024 оны зургаадугаар сард Үндэсний аудитын газарт өгсөн “явцын тайлан” нотолдог.
Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56.1.1 дэх хэсэгт "гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага хандив өгөхийг хориглоно” гэж заасан бол мөн хуулийн 56.2-т “Гадаадын хөрөнгө оруулалттай компани хандив өгсөн бол буцаан шилжүүлнэ” гэж заасан байна. Гэтэл Э.Болормаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хандивын мөнгийг буцаахгүйгээр, сонгуулийнхаа ажилд зарцуулсан байдаг. Үүнийг ч түүний сонгуулийн зардалд аудит хийсэн "Нийслэл аудит" ХХК нотолж, энэ талаарх баримт мэдээллийг Үндэсний аудитын газарт албан бичгээр хүргүүлсэн байгаа юм. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.