ВИДЕО: “Монгол авдар” үзэсгэлэнд Д.Сүхбаатарын эдэлж, хэрэглэж байсан авдрыг анх удаа олон нийтэд ил болгожээ

ВИДЕО: “Монгол авдар” үзэсгэлэнд Д.Сүхбаатарын эдэлж, хэрэглэж байсан авдрыг анх удаа олон нийтэд ил болгожээ

Амттан шимттэний сор, торго дурдан, наадмын улаан баадантай дээл гээд хамаг нандин бүхнээ нямбайлан хийсэн “эмээгийн бор авдар”. Цөглөж эдгэсэн хүй, унаган даахь, өлгий баривч, эсгий үнэг, сүйн хадаг, аавын зодог шуудаг зэрэг эрхэм бүхнээ хүндэтгэн хадгалах “ээжийн инжний авдар”. Энэ мэт авдартай холбоотой нандин дурсамж хэн бүхэнд бий.

ВИДЕО:

Тэгвэл тэр л нандин дурсамж бүхнийг сэргээх “Монгол авдар” тусгай үзэсгэлэн энэ сарыг дуустал Монголын үндэсний музейд олон нийтийн хүртээл болж байна. Тус тусгай үзэсгэлэнг Монголын үндэсний музей “Үндэсний их баяр наадам”-ыг тохиолдуулан өнгөрсөн сарын 7-нд нээсэн юм. Үзэсгэлэнгээр зочилсноор XIX-XX зууны үед хамаарах 40 гаруй авдар, 100 гаруй монгол цоож, цүү цуурга, түлхүүрийн гэр зэрэг эд өлгийн зүйлийг үзэх боломжтой.Энэ бүгд бол Монголын үндэсний музей 21 аймаг, нийслэл гээд өнцөг булан бүрээс үеийн үед цуглуулж, ирсэн үнэт үзвэр.

Шар зоосон хээтэй улаан хүрэн энгийн нэгэн авдар. Гэхдээ тус авдрын түүх сонирхолтой. Учир нь энэ бол Төрийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын Ардын засгийн газрын Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын эдэлж, хэрэглэж байсан авдар юм. Түүнийг нас нөхчисний дараа түүний гэргий Н.Янжмаа тус музейд эдэлж, хэрэглэж байсан эд зүйлсийн хамт шилжүүлсэн байдаг. Түүнээс хойш анх удаа олон нийтийн хүртээл болж буй нь энэ юм.

Монгол авдар үзэсгэлэнд дэлгэгдсэн 40 гаруй авдрын талаас илүү нь хос авдар байлаа. Учир нь Монголчууд хос авдар тавьдаг уламжлалтай. Хээний хувьд Монголчуудын сайн мэдэх айл гэрийн сүр хүч, хамгаалалт гэх “Арслантай авдар”, уламжлалт хадган хээ, цэцгэн хээ, зоосон хээ, өлзий хээ түгээмэл харагдана. Үүнээс гадна 19-р зуунд сүм хийдүүд их нэмэгдэж, шашны нөлөө нэмэгдсэнтэй зэрэгцэн бурхны дүрслэл хээ, угалз их нэмэгджээ. Тухайлбал, Мал сүргийн эзэн гэж үзэх “Цагаан өвгөн бурхан” түгээмэл үзэгдэх болсон байна. Өнгөний хувьд улаан, улаан хүрэн өнгө байх нь элбэг.

Энэ мэт түүхэн археологийн олдвороос ч олдох галын авдар, инжний авдар, бурхны авдар, судар номын шогол, даллагын сав, үнэт эдлэлийн авдар зэрэг бол үнэт олдвор. Тэд бүгд тухайн цаг үеийн ард түмний оюун сэтгэлгээ, гоо зүй, шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзлийн талаар ойлголт өгдөг юм. 

Гал тастан, голомт бэхжихээс эхлээд үе дамжин он цагийг элээх авдар бол айлын гал голомтын ижил эрхэм хүндтэй хогшил. Монголчууд нүүдэл хийхдээ тоононы хамт тусгайлан ачиж нүүдэллэдэг байсан нь ч үүнийг гэрчилнэ. Цаашид ч “Монгол авдар” айлын бурхан шүтээнийг дээрээ залж, өнгөтэй өөдтэй бүхнээ хадгалах “буян хишгийн сав” байсаар байх нь гарцаагүй.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө