ТАНИЛЦ: Ураны хөрөнгө оруулалтын гэрээнд орон нутагт 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх, нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх зэргээр заажээ

ТАНИЛЦ: Ураны хөрөнгө оруулалтын гэрээнд орон нутагт 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх, нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх зэргээр заажээ

Монгол Улсын Засгийн газар, Францын “Орано майнинг” компани хамтран, ураны төслийг эхлүүлэх Хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ үеэр "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт тус гэрээний талаар мэдээлэл өгсөн. 

Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд талууд гарын үсэг зурсан билээ. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжуудаар хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцээ хийж, эцэслэн боловсруулсан хувилбарыг Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд, тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх ажлын дэд хэсгүүд 5 чиглэлд байгуулагдаж гэрээний төслийг боловсруулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээг хийж эцэслэсэн хувилбарыг боловсруулсан.

Үндсэн ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж, холбогдох салбарын сайд нар дэд ажлын хэсгүүдийг ахалж ажилласан.

Тухайлбал, Гэрээ, эрх зүйн ажлын дэд хэсгийг ХЗДХ-н сайд О.Алтангэрэл, Эдийн засаг, хөрөнгө оруулалтын дэд ажлын хэсгийг ЭЗХ-н сайд Л.Гантөмөр, Татвар санхүүгийн ажлын дэд хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан, Олборлолт үйлдвэрлэл, технологийн дэд ажлын хэсгийг АҮЭБ-н сайд Ц.Туваан, Байгаль орчин, орон нутгийн дэд ажлын хэсгийг С.Одонтуяа нар ахалж, төрийн 24 байгууллага, мэргэжлийн болон хувийн хэвшлийн 6 байгууллага, салбарын эрдэмтэн судлаач, хөндлөнгийн төлөөлөл бүхий нийт 99 гишүүнтэй  өргөн бүрэлдэхүүний оролцоотойгоор ажилласан болно.

Түүнчлэн олон улсад нэр хүнд бүхий мэргэшсэн санхүү, хууль, байгаль орчны зөвлөхүүдтэй хамтран ажиллаж тэдгээрийн мэргэжлийн байр суурь, санал дүгнэлтийг гэрээнд тусгахад анхаарч ажиллалаа. Тодруулбал, гэрээ, эрх зүйн чиглэлээр Английн White & Case олон улсын хуулийн фирмтэй 2024 оны 02 дугаар сарын 5-ны өдрөөс, Татвар, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр АНУ-ын Charles River Associates олон улсын зөвлөх компанитай 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс, Байгаль орчны чиглэлээр ХБНГУ-ын GeoEnergy Consult компанитай 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн улсын аюулгүй байдлыг хариуцсан байгууллага (Тагнуулын ерөнхий газар)-тай зөвлөлдсөний үндсэн дээр гэрээ байгуулж хамтран ажилласан. Мөн дотоодын хуулийн болон санхүүгийн зөвлөхүүдтэй хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн тохиролцох, сүүлийн хувилбарыг боловсруулахад хамтран ажиллаа.

Ажлын дэд хэсгүүд хэлэлцээ хийхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр үзэглэсэн протоколд тусгагдсан татварын тогтворжуулалт, төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны суурь болон өсөн нэмэгдэх, тусгай төлбөр, бүс нутгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах зэрэг асуудлуудыг баталгаажуулж, хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх, ирээдүйд аливаа эрх зүйн үр дагаваргүй, хэрэгжих боломжийг бүрдүүлсэн болно.

Монгол Улсын Засгийн газраас гуравдагч улстай байгуулж буй хөрөнгө оруулалтын энэхүү гэрээ нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс орон нутгийн төсөвт нэмэлт орлого төвлөрүүлэх, шинээр ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах, улмаар олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг нийгэм, эдийн засгийн шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд сайн жишиг тогтоох үр дагавартай юм.

Мөн түүнчлэн, ажлын хэсэг цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Тухайлбал, Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цөмийн энергийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газраас цацраг идэвхт ашигт малтмалыг хөрөнгө оруулагч талтай хамтран ашиглахдаа зөвхөн хувьцаа эзэмших замаар бус Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх зарчмыг бусад үр ашигтай хувилбаруудаас сонгож хэрэглэх замаар хангуулах эрх зүйн боломжийг бүрдүүлсэн.

Мөн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор тус төслийн хүрээнд хамаарах “Дулаан-Уул”, “Зөөвч-Овоо” болон “Өмнөт” цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон төрийн эзэмшлийн давуу эрхийн 10 хувийн хувьцаанд хөрвүүлж, орлуулахаар шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчмыг баримтлан хөрөнгө оруулагчтай нийт 18 удаагийн хэлэлцээг хийсний үр дүнд, Монгол Улсын эрх ашиг,  Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлсэн дараах нөхцөлүүдийг гэрээнд тусгаад байна. Үүнд:

1. Монголын талаас олон улсын FAST (Flexible /уян хатан/, Appropriate /зөв/, Structured, Transparent /ил тод/) стандартын дагуу өөрийн санхүүгийн тооцооллын загварыг боловсруулж, уг загвараа ашиглан хийсэн өөрийн тооцооллоо Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцоололтой тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг олборлох үйл ажиллагаанаас бий болох шууд үр өгөөжийн дийлэнх буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс жил бүр хүртэх тооцооллыг баталгаажуулсан.

2. Монгол улсын шууд хүртэх үр өгөөжийг илүү тодорхой, хязгаарлагдмал хүрээнд, хөрөнгө оруулагч талд ногдох үр өгөөжийг мөн тодорхой хүрээгээр тусгайлан тодорхойлж, хэрэв Монголын талын хүртэх шууд үр өгөөж 51 хувьд хүрээгүй тохиолдолд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компаниас үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай “өгөөж тэнцүүлэх нэмэлт төлбөр”-г Засгийн газарт нэмж төлөх нөхцөл гэрээнд тодорхой тусгагдсан.

3. Төрийн эзэмшлийн 34 хувийн энгийн хувьцааг хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, 9 хүртэлх хувийн өсөн нэмэгдэх АМНАТ тооцож авснаар давуу эрхийн хувьцаанд 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-т 2,0 тэрбум ам.доллар, нийт улс орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.доллар төвлөрөх тооцоололтой байна.

4. Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн хувь нийлүүлсэн 10 хувьтай тэнцэх “Төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа”-г шууд эзэмшиж, тэргүүн ээлжид ногдол ашиг хүртэх, давуу эрхийн хувьцааны ногдол ашиг хуваарилагдаагүй тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилахгүй байх нөхцөл тусгагдсан.

5. Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулж, зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, АМНАТ, Гаалийн гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулсан. Түүнчлэн, АМНАТ-ийг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар инфляц тооцохгүйгээр, бүрэн төлөхөөр тусгасан.

6. Хөрөнгө оруулалтын гэрээг төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа зөвхөн 3 тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгаж, ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлүүдийг энэхүү гэрээнд хамруулахгүй байх нөхцөл тусгагдсан. Түүнчлэн төслийн хүрээнд олборлолт, үйлдвэрлэлийг газар доор уусган олборлох хамгийн сүүлийн үеийн технологиор явуулах, төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, геоэкологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх, төслийн үйл ажиллагаа болон технологид Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр 3 жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэх зэрэг заалтуудыг оруулаад байна.

7. Монгол Улс дотооддоо элементийн хүхэр үйлдвэрлэн борлуулсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч компани боломжит үнээр тэргүүн ээлжид худалдан авах заалтыг гэрээнд оруулж, олборлолт, үйлдвэрлэл нь үндэсний лабораторийн хяналтад байх нөхцөлийг тусгасан.

8. Орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, Төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх, төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх, уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60%-aас доошгүй нь болон, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40%-аас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээдэд ногдох нөхцөлүүд тусгагдаад байна.

9. Гэрээг 20 жилээр байгуулж, гэрээг тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд хуульд заасан хугацаагаар сунгаж байхаар, мөн гэрээний зүйл заалтуудад хуулийг тогтворжуулахгүй байх зарчим хангагдлаа.

10. Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардалд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй байх, талуудын хооронд татварын маргаан үүсвэл дотоодын хууль тогтоомжийн дагуу маргаан шийдвэрлэх бүх процессыг дуустал олон улсын арбитрт хандах эрхгүй байх нөхцөлүүд тусгагдсан.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжсэнээр улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17,1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61,5 тэрбум, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөгийг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байр шинээр бий болж, шинэ технологи нутагшиж, дэд бүтцийн болон хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт хийгдэх боломж бүрдэх юм. Улмаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, шинэ төрлийн үйлдвэрлэл хөгжих, дэвшилтэт технологи болон мэдлэг туршлагыг нэвтэрч, мэргэшсэн боловсон хүчний нөөц нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөж бий болох зэрэг ач холбогдолтой.

Түүнчлэн Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн экспортлогч орон болж, улмаар ураны зах зээлийн гол тоглогчдын нэг болох, нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх эхлэл тавигдах болно.

Гэрээний төслийг боловсруулах, хэлэлцээ хийхэд идэвхтэй оролцож улс орныхоо эрх ашиг, ард түмнийхээ төлөө  мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан ажилласан Ажлын хэсгийн  ахлагч Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан, Н.Учрал нарт болон ажлын хэсгийн нийт гишүүд, зөвлөхүүд, эрдэмтэн судлаач, шинжээчдэд тусгайлан талархал илэрхийлье.  Мөн Орано майнинг компанийн захирал Завьер, тус компанийн Монгол дахь төлөөлөгч Оливьер болон гадаад, дотоодын зөвлөх компанийн хамт олонд талархал илэрхийлье.

Түүнчлэн, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон  “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын  дэд дарга Б.Пүрэвдорж болон Ажлын хэсэгт орж ажилласан УИХ-н эрхэм гишүүддээ талархал илэрхийлж байна. Эцэст нь Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох эрхэм үйлсэд Монгол Улс бодитой хувь нэмэр оруулах түүхэн эхлэл тавигдаж байгааг онцлон тэмдэглэж байна" гэжээ.