Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, харилцааны соёл, хэлний дархлааны түвшнийг үнэлэх зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг улс орон даяар дөрөвдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ жилийн шалгалтын 12 дугаар ангийн “А”, “Б” хувилбарт Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын “Нохой гэрт хүн урддаггүй” өгүүллэг эх зохиолоор орж ирсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Багш, сурагч, эцэг эхчүүдийн зүгээс тус зохиолыг "нууц амраг"-ийн сэдэвтэй гэж үзээд, зохиолын агуулга нь сурагчдын нас, сэтгэхүйд тохироогүй байж болзошгүй гэж үзэж байгаа. Үүнийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан ч хүлээн зөвшөөрч, ажлын хэсэг гаргах болсон тухай мэдэгдсэн.
Тэгвэл Боловсролын үнэлгээний төв уг асуудалтай холбоотойгоор мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд "Тугжавын дүрийг нохойн дүртэй зэрэгцүүлэн бэлгэдэлт маягаар үзүүлсэн, морийг нь борог төдий их сангаран малгайгаа өмсөж хүнийрхүү байдлаар цомцойн сууж байгаа Тугжав нь гэрээс сүүлээ хавчин гарч буй нохой шиг л юм гэдгийг харуулсан бөгөөд хүний зөвөөр ухаарах нь амьдралд хөл тавьж буй хүн бүхэнд сургамжтай агаад өөрөө өөртөө эзэн байж, амьдралд өөрийн байх ёстой газраа, байх ёстой цагтаа байж гэмээнэ сая тэр өөрийн гэр бүл, амьдрал, ажил, нийгэм хамт олон цаашлаад улс орон, эх дэлхийнхээ эзэн нь байх юм гэдгийг сануулсан утга бүхий зохиол юм" гэжээ..jpg)