БНСУ-ын Чонжүд хий алдагдсанаас үүдэлтэй байж болзошгүй дэлбэрэлт болж, 15 хүн гэмтсэн талаар "Ёнхап" агентлаг мэдээллээ

БНСУ-ын Чонжүд хий алдагдсанаас үүдэлтэй байж болзошгүй дэлбэрэлт болж, 15 хүн гэмтсэн талаар "Ёнхап" агентлаг мэдээллээ

Чунчон мужийн Чонжү хотод байрлах худалдааны барилгад гарсан дэлбэрэлтийн улмаас 15 хүн гэмтэж, оршин суугчдын дунд айдас, сандрал үүсжээ.

"Ёнхап мэдээллийн агентлаг"-ийн мэдээлснээр, хэрэг дөрөвдүгээр сарын 13-ны өглөөний 04:00 цагийн орчимд Хөндөг дүүргийн Бонмёндон дахь гурван давхар барилгын нэгдүгээр давхрын ресторанд болсон байна. Урьдчилсан байдлаар дэлбэрэлтийг хий алдагдсантай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Дэлбэрэлтийн хүчтэй доргилтын улмаас ойролцоох автомашинууд хөмөрч, эргэн тойрны барилгуудын цонхнууд хагарч эвдэрчээ. Ослын үед тухайн барилгад үйл ажиллагаа явуулдаг газрууд бүгд хаалттай байсан аж. Ослын улмаас нийт 15 оршин суугч гэмтсэнээс найман хүн шилний хэлтэрхийн улмаас шархдаж, эмнэлгийн тусламж авсан байна. Харин үлдсэн долоон хүн хөнгөн гэмтэл авч, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзжээ.

Хэргийн газарт ажилласан "Солонгосын Хийн аюулгүй байдлын корпораци"-ийн албаныхны мэдээлснээр, ресторанд ашигладаг шингэрүүлсэн нефтийн хий (LP хий)-ний хоёр баллоны үлдэгдэл байж болзошгүй хэлтэрхий илэрсэн бөгөөд ослын шалтгааныг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэжээ. ЭНД дарж уншина уу.