Дуучин Б.Амархүү, О.Ариунзул нарыг "Cool love" дууг 13 жил зөвшөөрөлгүй ашиглаж, ашиг хүртсэн гэж шүүхэд гомдол гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцжээ. Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тойм мэдээлэл бичжээ.
Тус мэдээлэлд "Э.С нь Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газарт хандан “2012 онд Б.Амархүүгийн найз бүсгүйн хүсэлтээр хайрын сэдэвтэй дууны үг бичиж тус бүтээлийг дуучин Б.Амархүүд өгсөн. Гэтэл миний зөвшөөрөлгүйгээр 13 жилийн турш тасралтгүй ашиглаж, ашиг хүртэж, сануулга анхааруулгыг үл тоож миний зохиогчийн эрхийг зөрчсөн, тус үйлдэл нь Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа тул цаашид зохиогчийн зөвшөөрөлгүй аливаа хэлбэрээр ашиглахыг хориглох, өөрт учирсан эдийн засгийн хохиролд 35 сая төгрөг гаргуулах, зөвшөөрлийн нөхцөлийг тогтоох, хуулийн хариуцлага тооцож өгнө үү” гэх өргөдөл гаргасны дагуу 2025 оны аравдугаар сард зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж мөн оны арваннэгдүгээр сард шийтгэлийн хуудсаар зохиогчийн эрхийн зөрчилд 500 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Б.Амархүү нь тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган маргасан.
Б.Амархүү өөрийн эхнэр О.Ариунзулын хамт "Сool love" гэх дууг 2012 онд дуулсан, 13 жилийн хугацаа өнгөрсөн энэ хугацаанд гомдол гаргаагүй, төлбөр төлөн дууныг үгийг захиалгаар бичүүлсэн зохиогчийн зөвшөөрлийг авсан, дууны аяыг Б.Амархүү миний бие зохион Э.С-тэй хамтарсан уран бүтээлийг гаргасан, зөрчлийг бүрэн тогтоож, ажиллагаа хийгээгүй, Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй хэмээн маргасан.
Анхан шатны шүүх: Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагчийн тайлбараас үзэхэд зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасан гэж үзсэн, түүнээс үүдэн дээрх хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх хугацааг хэзээнээс тооцсон болох нь тодорхойгүй мөн зөвшөөрөлгүйгээр ашигласнаас үүссэн хохирлын төлбөр, орлогын хувь, ёс суртахууны хохирол гэж нэхэмжилсэн байхад түүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, гомдол гаргагч нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн болохыг тодорхойлоогүй, шийтгэлийн хуудсанд заагаагүй, эдгээрээс дүгнэхэд хариуцагч зөрчлийн бодит нөхцөл байдлыг тогтоох, түүнийг тогтооход ач холбогдол бүхий ажиллагааг явуулах, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна гэх агуулгатай дүгнэлтийг хийж дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, тус шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэх дүгнэлтийг хийж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ" гэжээ.