УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.04.13/-ийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн мэдээллийг сонслоо. Хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав.
Иргэд байгалийн баялгаас тэгш, хүртээмжтэй байдлаар хэрхэн хүртэж болох асуултад Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хариулт өгч, тодорхой зүйл заалтаар тусгах ёстойг бүлгийн гишүүд хэллээ. Уул уурхайн компаниуд бусад нийгэм, эдийн засгийн салбаруудтайгаа кластер байдлаар хамтарч ажилламаар байна. Хоол, хувцас зэрэг бусад салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтарч ажилладаг байх. Уул уурхайн компаниуд ажилчдыг сендвичин байранд байлгах биш томоохон уурхайг дагаж хот байгуулалтыг хийх хэрэгтэй. Түгээмэл тархацтай ашигт малтмалыг одоогийн хуулиар явуулахаар аймаг сумдад бүтээн байгуулалтын ажил явуулахад хүнд байгаа. Үүнээс болж сумын дарга нар хууль шүүхийн байгууллагад дуудагддаг байж болохгүй. Төр хүнээр ажил хийлгэж байгаа бол эрх зүйн орчныг нь тодорхой болгож өгөх ёстой гэв.
Геологийн судалгаа, Хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй, ил тод олгох заалтыг шууд тусгах санал хэлсэн. Уул уурхайтай, ашигт малтмал олборлож байгаа орон нутагт АМНАТ илүү олгох зохицуулалт чухал гэдгийг гишүүд хэлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайд одоогийн хуулиар зохицуулна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутагт үлдэх хувийг 1.5-2 дахин нэмэгдүүлж, зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилтоор боловсруулсан гэдгийг ажлын хэсэг онцоллоо. Хуулийн төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 40 орчим хувийг өөрчлөхөөр боловсруулсан байна. Дагаад Биржийн тухай хуулийг оруулж орж ирнэ. Биржийн тухай хуулиар үйлдвэрлэл гаргах зорилтын тухайд боловсруулсан. Ашигт малтмал, аж үйлдвэрлэл явуулахад одоогийн хууль болохгүй байгаа учраас Биржийн тухай хуулийг оруулж ирнэ гэдгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэллээ.